Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Төсөл батлагдсанаар,
-Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.
-Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.
-Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.
-Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.
-Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.
Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.
Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.
Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.
“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна