Ерөнхий сайд Г.Занданшатар 12 жилийн өмнө АНУ-д автомашины осолд орж, үхэл амьдралын заагаас буцаж ирсэн талаараа Central TV-ийн “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярилаа.
Тэрбээр “Би 12 жилийн өмнө автомашины осолд орж, эсрэг талынхаа машины хамар дээр нь унасан байсан. 27 хоног ухаангүй байсан. Хүний амьдралд тохиох сорилт бэрхшээлүүд шинэ эхлэл болдог юм билээ” хэмээн дурсан ярив.
Мөн “Үхэл амьдралын заагаас буцаж ирсэн бүх хүн бараг гэр бүлээ хаяад улс орныхоо төлөө, олны төлөө зүтгэх ёстой гэсэн сэтгэлзүйтэй болдог юм билээ. Тэр том эрсдлийн дараа аливааг шинээр харж, зүрх сэтгэлээ бүхэлд нь өөрчлөлтөд зориулдаг байх гэж боддог” гэв.
Ослын дараа өөрийгөө болон нийгмийг цэгцлэх, болохгүй байгаа зүйлийг засаж сайжруулах ёстой гэсэн бодол түүнд төрсөн гэдгийг онцолсон юм. Тэрбээр энэ үзэл санаандаа тулгуурлан “Цэгцрэх хөдөлгөөн” нэртэй номоо эхлүүлсэн тухайгаа мөн хуваалцав. “Ер нь эмх цэгцтэй айл ямар байдаг билээ, тийм л зарчмаар нийгмээ цэгцлэх ёстой юм байна гэж бодсон” хэмээн тэрбээр яриагаа төгсгөлөө.
Эх сурвалж: Central TV-ийн “The Tonight Show”
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна