100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Мо Эн ко” ХХК нь Ховд аймгийн Дарви суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлогч компанийн нэг бөгөөд Хөшөөтийн нүүрсний ордын 10 лицензийг эзэмшдэг. Хөшөөтийн уурхай нь геологийн судалгаагаар олон жилийн нөөцтэй гэж тооцогдож байсан ч стратегийн ордод оруулах тогтоол УИХ-аар батлагдаагүй юм. Хөшөөтийн уурхай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн ч стратегийн ордод бүртгэгдээгүйн учир юу вэ?Ашигт малтмалын тухай хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, эсхүл эдийн засаг, нийгмийн ач холбогдол өндөр ордуудыг стратегийн ордод хамруулах боломжтой гэж заасан байдаг. Энэ утгаараа Хөшөөтийн орд стратегийн ордод хамрагдах бүрэн үндэслэлтэй гэж уул уурхайн салбарын зарим мэргэжилтэн, ахмад уурхайчид үздэг.
460 сая тоннын нөөцтэй гэгддэг Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод бүртгүүлэхгүй бялуу хувааж идэх ашиг сонирхол тухайн үеийн улс төрчдөд байсан гэхэд хилсдэхгүй ээ.
Тодруулбал “Мо Эн Ко” ХХК-ийн эзэн Ло Лин Шин 2007 оны хоёрдугаар сард Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордыг өөрийн болгосон байдаг. Хөшөөтийн уурхай нь Монгол Улсын хүдрийн арвин нөөцтэй байсан тул олон нийт, орон нутгийн иргэд, улс төрчдийн анхаарлын төвд орсон. Ло Лин Шинд Хөшөөтийн ордыг зуучилж худалдсан хүн нь тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр гэж Ховдынхон өдгөө ч ярьцгаадаг. Ингэхдээ Н.Энхбаяр Ховдын уугуул, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболд агснаар Хөшөөтийн уурхайг Ло Лин Шинд худалдах ажлыг хийлгэсэн гэх бөгөөд хамгийн ноцтой нь Ло Лин Шинийг Хөшөөтийн ордыг авснаас жилийн дараа буюу 2008 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонконгод айлчилсан байна. Айлчлалын үеэр “Мо Эн Ко” ХХК-ийн эзэн Ло Лин Шин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Хонконгийн дээд зэрэглэлийн “Grand Hyatt” зочид буудалд тусгайлан хүлээн авч уулзаж байжээ. Мөн “Мо Эн Ко” ХХК лицензийг анх 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэт мэдээлэл гарч байв. Эндээс үзвэл 460 сая тонн нөөцтэй гэгддэг Хөшөөтийн ордыг төр, түмэнтэй хуваалцахгүйн тулд стратегийн ордын жагсаалтад бичүүлэхгүй хамгаалж ирсэн эхний хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байж болзошгүй.
Гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Хөшөөтийн ордод улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд захирлаар томилогдсоор ирсэн байдаг. Энэхүү ордын гүйцэтгэх захирлууд 2007 оноос хойш хэд хэд солигдсон юм.Одоо мөн л дараагийн гүйцэтгэх захирлын суудал яригдаж байна.
Өмнөх Засгийн газрын үед тус уурхайд Ж.Батзандан БЭТ-өөр томилогдон очиж, нөөцийн хувьд өндөр ашигтай, коксжих нүүрсний хувь өндөр стратегийн ордод хамруулах бүрэн боломжтойг судлан, бичиг баримтаа цуглуулж байжээ. Гэвч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт түүнийг өрөөндөө дуудаж, ажлаас нь түдгэлзүүлзсэнээр энэ ажил зогссон гэх мэдээлэл гараад байна.Үүний шалтгаан нь, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тус ордын захиралд өөрийн хүнээ томилуулахаар ТУЗ-ийн хурлаар даргыг нь солих ажлыг шуурхай эхлүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Мо Эн Ко” ХХК-тай хамааралтай гэдэг нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Жишээ нь хөрс хуулалт, нүүрс тээвэр, шатахуун зэрэг тендерийг түүний хамаарал бүхий компани авсан байдаг. Мөн “Мо Эн Ко” ХХК-ийн зүгээс сонгуулийн үеэр С.Бямбацогтод хувийн болон компанийн дансанд нь хандив хэмээн их хэмжээний мөнгө өгсөн таалар эх сурвалжууд дурддаг юм.
Өдгөө “Мо Эн Ко” ХХК-ийн эзэн Ло Лин Шин нь Хөшөөтийн ордоос жилд дунджаар 2,2 сая тонн нүүрс Хята руу худалддаг. Энэ онд нүүрсний ханш дунджаар 105 ам.доллар байгаа. 2,2 сая тонн нүүрсийг 105 ам, доллараар тооцвол 231 сая ам.доллар буюу 820 гаруй тэрбум төгрөг болно. Үүнээс 120 орчим тэрбум төгрөг нь улсын төсөвт ордог гэж тооцвол “Мо Эн Ко” ХХК-ийн эзэн Ло Лин Шинд 700 тэрбум төгрөг үлддэг гэсэн үг юм.
2013 онд Хөшөөтийн ордыг стратегийн ордод бүртгүүлэх асуудал албан ёсоор яригдаж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлж байсан. Улмаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулан судалгаа хийж эхэлсэн боловч уг асуудал УИХ-ын шатанд орж ирээд хэлэлцэгдэхгүй саатсан байна. Ингээд гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Монголын газар доор баялгийг эзэмшиж буй.

Сэтгэгдэл (1)