“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ ҮҮ?

Admin
2026/02/02

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудал олон нийтийн эгдүүцлийг дахин нэг өдөөв. Учир нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр томилсон байдаг. Гэхдээ энэ томилгоо бол өнгөн дээрээ үүрэг гүйцэтгэгч гэх ч угтаа бол урьдчилан хэлэлцсэн албан ёсны томилгоо гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар цацагдав. Энэ нь ил харахад сонгон шалгаруулалтын зар боловч төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдалд итгэх итгэлийг үндсээр нь ганхуулж байна.

Төрийн өмчит компанийн удирдлагыг ил тод, өрсөлдөөнтэй, мэргэжлийн шалгуураар сонгоно гэж олон жил ярьсан. Гэтэл бодит байдал дээр томилгоо аль хэдийн хийгдчихээд, дараа нь “сонгон шалгаруулалт” нэртэй зар нийтлэх нь иргэдийн нүдийг хуурах, хууль ёсны мэт харагдуулах оролдлого юм.  

Сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлж, цаг заваа зарцуулсан бусад нэр дэвшигчдийн хувьд жүжгийн нэг хэсэг болон үлдэж байна. Төрийн өмч хэн нэгний томилгооны шагнал биш тэр тусмаа “Эрдэнэс Монгол” бол жирийн нэг компани биш. Монгол улсын стратегийн ордуудыг нэгтгэсэн, олон их наяд төгрөгийн хөрөнгө хариуцдаг төрийн өмчит том бүтэц. Ийм компанийн гүйцэтгэх захирлыг томилох асуудалд “иргэдийн нүдийг гурилаар хуурна”гэгчийн үлгэрээр хандаж болохгүй юм.

Энэ бол:

  • ТУЗ-ийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлж
  • Төрийн өмчит компанийн засаглалын реформыг үгүйсгэж
  • Шударга ёс, ил тод байдал гэх үгсийг хоосон уриа болгож байна.
Итгэл ингэж л үхдэг. Иргэд төрд итгэх итгэлээ нэг өдөр, нэг шийдвэрээр алддаггүй. Харин иймэрхүү дүр эсгэсэн сонгон шалгаруулалт, урьдчилж шийдсэн хууль бус томилгоо, авлигал зэрэг нь  итгэлийг аажим аажмаар устгадаг. Төрийн өмчит компанийн засаглал гэдэг жүжиг биш, харин улс орны ирээдүйтэй холбоотой асуудал юм.  


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.29
3 цагийн өмнө
0
0
Ene chini tomchuudiin ujee ngursun togloom shuudee , yaj ch chadahgui bj uuniig yrij sedev bugluud yahavdee ?
Хариулах