Трамп "Кеннеди төв"-ийн үйл ажиллагааг долдугаар сараас зогсооно

Admin
2026/02/02

Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн нэрэмжит "Кеннеди төв"-ийг өргөтгөн шинэчлэх зорилгоор энэ долдугаар сард хаах болжээ. Төвийн үйл ажиллагааг хоёр жил орчим хугацаанд зогсоох аж.

"Кеннеди төв" харагдах байдлын хувьд ч, санхүүгийн хувьд ч доройтоод олон жил болсон. Тиймээс энэ удаагийн өргөтгөлөөр төвийг өмнөхөөсөө илүү дээр, дэлхийн түвшний урлагийн төв болгож өөрчлөх гэж байгааг Трамп мэдэгдэв. Мөн өргөтгөл шинэчлэлтийн ажлын санхүүжилт бүрэн шийдэгдсэн гэх боловч чухам ямар зардал, хаанаас гарахыг тодорхой дурдаагүй.

Дональд Трамп "Кеннеди төв"-ийн нэрэнд өөрийнхөө нэрийг нэмэх шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Тус төвийг удирдах зөвлөлийн санал хураалтын дараа "Трамп-Кеннеди төв" гэж нэрлэх болсон нь одоо амьд байгаа ерөнхийлөгчийн хувьд тун ер бусын шийдвэр болжээ. Трампын нэр нэмэгдсэнээс хойш хөгжмийн зохиолч Филип Гласс зургадугаар сард "Кеннеди төв"-д хийхээр товлосон байсан тоглолтоо цуцалсан байна. Мөн Вашингтоны үндэсний дуурь "Кеннеди төв"-тэй холбоогоо тасалжээ. Энэ мэтчилэн гэрээгээ дуусгасан, тоглолтоо цуцалсан уран бүтээлчид олон бий.

"Кеннеди төв" 1971 онд байгуулагдсан бөгөөд жилдээ 2000 гаруй тоглолт зохион байгуулдаг.

Трампын хувьд анхны бүрэн эрхийн хугацаандаа "Кеннеди төв"-д төдийлөн элэгтэй байгаагүй. Тэр жил бүр зохион байгуулагддаг хандивын ёслолуудад нь ч оролцож байсангүй. Гэвч хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа тэр бүрэн өөрчлөгдөж, төвийг өөрийн болгохоор хичээж эхэлжээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд тэр өөрийн биеэр оролцож, Сильвестр Сталлоне, Глория Гайнор, рок хамтлаг "KISS" нарт шагналыг нь гардуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна