1893 оны 2-р сарын 2-нд төрж, Монголын тусгаар тогтнол , эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан их жанжин Дамдинсүрэн Сүхбаатар-ын алдар гавьяаг бид өнөөдөр хүндэтгэлтэйгээр дурсаж байна.
Тэртээх 133 жилийн өмнө цагаан дээлт Дамдины гэрт мэндэлсэн нэгэн хүү хожмоо Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх хувьсгалын үйл хэргийг удирдан ялалтад хүргэсэн түүхэн хүн болж, монгол түмнийхээ зүрх сэтгэлд үеийн үед мөнхөрсөн билээ. ![]()
Цэргийн алба, гавьяаны замнал
1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирж, 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад суралцан, 1913 онд төгсөж пулемётын сумангийн дарга болж байжээ.
Сургуулиа амжилттай төгсөж, удирдсан цэргээ чадварлаг сурган бэлтгэснийхээ төлөө:
1913 онд — 5 дугаар жинс, тогосны отго
1915 онд — 4 дүгээр жинс, тогосны отго
1917 онд — 3 дугаар жинс
зэрэг шагналуудыг хүртсэн нь түүний алдрын эхлэл болсон юм.
Хувьсгалын замд
1912–1918 онд цэргийн алба хааж, 1918 оноос хууль шастир хэвлэх газарт ажиллан, улмаар Хүрээний нууц бүлгэмд нэгдэн эх орныхоо хувь заяаны төлөө тэмцэлд идэвхтэй оролцжээ.
1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Эрхүү хотод ажиллах хугацаандаа цэргийн сургууль хийсэн байна.
1921 оны 3 дугаар сарын 6-нд Ардын журамт цэргийн штабыг байгуулж, Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжин-аар томилсон нь түүхэн үйл явдал байлаа.
Төр, цэргийн өндөр албан тушаалууд
Тэрээр:
• Цэргийн яамны тэргүүн сайд
• Бүх цэргийн зөвлөлийн гишүүн
• Бүх цэргийн жанжин
зэрэг хариуцлагатай албыг насан эцэслэх хүртлээ нэр төртэй хашиж байв.
Түүхэн үнэлгээ
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн гавьяагаар нь 1922 онд Ардын эрхт Монгол Улсын анхны зоригт баатар цолоор шагнасан юм.
Мөн ЗХУ-ын Улаан тугийн одон хүртсэн билээ.
1923 оны 2-р сарын 20-ны үүрээр
Монгол Улсын анхны зоригт баатар Д.Сүхбаатар таалал төгссөн ч түүний нэр, үйл хэрэг монгол түмний сэтгэлд мөнх оршсоор байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна