​Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Admin
2026/01/30

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги дээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр удирдаж байна.

 
Хуралдаанаар,

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт,
  • Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах тухай,
  • Гэр хорооллын айл өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны тухай,
  • Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, барилга байгууламжийн дахин төлөвлөлт, паспортжуулалтын талаар,
  • Нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл,
  • Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, осол, гал түймрийн нөхцөл байдал,
  • Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн талаарх илтгэл, танилцуулга хэлэлцүүлж байна.


Өнгөрсөн онд Зөвлөл хоёр удаа хуралдаж 5 үндсэн чиглэл, 44 арга хэмжээг хэлэлцэн баталж, биелэлт 94.9 хувьтай хэмээн дүгнэжээ. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гурван ЕБС, нэг цэцэрлэг, хоёр их дээд сургууль, есөн орон сууцны барилга, таван инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, гал түймэр унтраах, аврах ангийн гурван барилгад тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулсан байна.

 Үер, усны аюул эрсдэлийг бууруулах чиглэлд 4 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 1100 метр хамгаалалтын байгууламж, 205 метр сувгийн угсралт хийжээ, 3816 алба хаагч 886 техник хэрэгсэлтэйгээр завьт эргүүлд ажиллаж, 80 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллажээ. Үүний үр дүнд гол усны ослын тоо 56.2 хувиар, усанд осолдсон иргэдийн тоо 68 хувиар буурсан гэлээ. Мөн Туул голын эрсдэлийн үнэлгээг хийж, хар цэгүүдийг тогтоожээ.

 

 

Гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлд 871 сая төгрөгийн 14 төрлийн 663 ширхэг техник хэрэгсэл худалдан авчээ. Мөн Чингэлтэй дүүргийн XXI хороонд гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги барьж байгуулсан гэдгийг НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах танилцуулгадаа онцоллоо. Ирэх жилүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна