УИХ-ын дарга Н.Учрал Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцууллаа

Admin
2026/01/30

Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар оролцож холбогдох чиглэлүүдээр иргэдийн асуултад хариулт өгсөн. "Чөлөөлье" танилцуулгын хүрээнд зөвшөөрөл нэртэй хориг, шалгалт нэртэй дарамт, дүрэм нэртэй гацаанаас түмэн олноо чөлөөлж УИХ-ын даргын хувьд иргэндээ итгэдэг, хувийн хэвшлээ дэмждэг, хөдөлмөрлөж байгаа хүнээ хааж боодоггүй төрийн төлөө зүтгэнэ гэдгийг онцолж хэлэв. Уулзалтын үеэр иргэдээс амьдарч буй орчноо сайжруулах, өөрсдөө орлого олох боломжоор хангаж өгөхийг хүсэж байлаа. Энэ бүхэн хүнд суртлаас болж урагшлахгүй байна гэдгийг иргэд хэлж байсан юм.

 УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл эдгээр эрх, эрх чөлөөг зөрчиж буй дүрэм, журмын давхардал, олон шат дамжлага бүхий хүнд суртал, төрийн хэт оролцооны бүх хэлбэрийг арилгах эрх зүйн шинэчлэл гэж тодотголоо. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ахуйн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээснээр эрхлэх боломжийг бүрдүүлж, хугацааг нь шууд сунгадаг байх, зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаарддаг, төрийн байгууллагуудаас олгогддог баримт бичгүүдийг цөөлж, цэгцлэнэ гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна