Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор зарлалаа. Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна.
1. Хөтөлбөрийн зорилго
Монгол Улсын оюутнууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр Канад Улсад богино хугацаагаар суралцах болон судалгаа хийх боломжийг бүрдүүлэхэд оршино. Тус хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Канад–Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
2. Тэтгэлгийн хугацаа
- Бакалавр – 4 сар (1 улирал)
- Бакалавр – 8 сар (2 улирал)
- Магистр / Доктор – 4 сар (1 улирал)
- Магистр / Доктор – 5–6 сар
3. Тэтгэлэгт хамрагдах зардал
- Виз болон суралцах/ажиллах зөвшөөрлийн төлбөр;
- Хоёр талын нислэгийн тийз;
- Эрүүл мэндийн даатгал;
- Амьжиргааны зардал (байр, орон сууц, хүнс);
- Нийтийн тээврийн зардал;
- Ном, хичээлийн хэрэгсэл (компьютероос бусад).
4. Тавигдах шалгуур
- Иргэншил: Монгол Улсын иргэн байх (Канад Улсын иргэншил болон байнгын оршин суух эрхгүй байх);
- Оюутны статус: Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх;
- Бусад: Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.
5. Сонгон шалгаруулалт
- Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай.
- Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана.
- Жич: Канад дахь сургууль нь Канадын Гадаад хэргийн яаманд өргөдлийг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө илгээсэн байх ёстой.
6. Бүрдүүлэх материал
Оюутан Канадын хүлээн авагч сургуульд дараах материалыг ирүүлнэ.
- Иргэний үнэмлэх эсхүл паспортын хуулбар;
- Хувийн мэдээллийн мэдэгдэл (гарын үсэгтэй);
- Зорилгоо тодорхойлсон захидал (1 нүүр): Судалгааны чиглэл нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж буй болон Монгол Улсад ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар;
- Сургуулийн тодорхойлолт: Оюутан болохыг нотолсон албан захидал;
- Дэмжих захидал: Монгол дахь сургуулийн удирдлагын зүгээс тухайн оюутныг санал болгосон захидал;
- Урилга захидал: Канад дахь удирдагч багшийн урилга (зөвхөн магистр, докторын түвшинд).
7. Чухал санамж
- Тэтгэлэгт шалгарсан оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 1-ээс 2027 оны 2 дугаар сарын 1-ний хооронд Канад Улсад очсон байх шаардлагатай.
- Тэтгэлгийн хугацаа дуусмагц эх орондоо буцаж ирэн, суралцаж буй сургуулиа үргэлжлүүлэн суралцана.
Дэлгэрэнгүйг мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна