Хүннү хотод 7 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай хуурай боомт байгуулна

Admin
2026/01/30

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор .  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  “Хүннү хот”, “Улаанбаатар трамвай”, “Лаг хатааж, шатаах үйлдвэр” зэрэг мега төслүүдэд БНИУ-ын Эксим банктай хамтран ажиллах юм.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.

 Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Тодруулбал, 2040 он гэхэд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолборыг байгуулахаар төлөвлөж, хуурай боомт болгон хөгжүүлнэ” гэдгийг танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар трамвай” төслийн Авто замын инженер Б.Бат-Оргил " төслийн нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс эхлэн Сүхбаатарын талбай хүртэл нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байна. 

Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байх юм. Нэг удаад 230-250 хүн, цагт 6500-7000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, дундаж хурд 30км/ц, дээд хурд 70 км/цаг байна. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Мөн энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институтийн Ерөнхий инженер Б.Лхагвасүрэн 2025-2028 онд хэрэгжүүлэх “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. 

Уг үйлдвэр нь хоногт 250 шоо метр лаг шатаах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой.

Уулзалтын төгсгөлд БНИУ-ын Эксим банкны Хотын дизайн, хот төлөвлөлт, ландшафт хариуцсан Ерөнхий архитектор Лука Бертакки тэргүүтэй төлөөлөгчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна