Сар шинийн баяраа хоггүй угтахыг уриалж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 10-15-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаа мэдэгдсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталсан байдаг. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулах юм.
Энэ жил нийслэлд найман удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал болон цэвэрлэгээг хийх болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлэхдээ, "2026 онд Улаанбаатар хотод найман удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ерөнхий инженерийн А/02 дугаар тушаалаар батлагдсан. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Бүх цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үүрэгтэй байдаг. Гэхдээ Зөрчлийн хуулиар торгоно гэхээсээ илүү аж ахуй нэгжийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Мөн хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна" гэлээ. Улмаар иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна