21-р зуун бол хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, зайнаас ажиллах боломжийг бий болгосон технологийн эрин үе. Энэ бүх дэвшлийн суурь бол цахилгаан эрчим хүч. Гэвч өнөөдөр Улаанбаатар хот тоггүй, эрчим хүчгүй хот болоод байна. Техник, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, цахим сүлжээ өндөр хөгжиж буй энэ цагт буюу 21-р зуунд Монголчууд бид тоггүй, лаа барин сууж байна.
Цахилгаан тасрах нь зөвхөн гэрэл унтрах асуудал биш. Энэ нь эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг нийгмийн бүхий л салбарт шууд нөлөөлдөг. Тог тасарснаас аж ахуйн нэгж серверийнхээ ажиллагааг алдсанаар хэдэн сая төгрөгийн хохирол амсах, сурагч оюутнууд хичээл, шалгалтаа онлайн хэлбэрээр үргэлжлүүлэх боломжгүй болох, эмнэлгийн тоног төхөөрөмж доголдож хүний амь нас эрсдэх, аж ахуй нэгжүүд өдрийн орлогоо алдах, гэрлэн дохио унтарч түгжрэл үүсэх гээд цахилгаан эрчим хүч доголдсоноор бидний өдөр тутмын амьдралын алхам тутамд нөлөөлдөг.
Хамгийн хачирхалтай нь, технологийн дэвшлийг бахархалтайгаар ярьдаг атлаа өнөөдрийг хүртэл цахилгаан түгээх станц нэмж барьсангүй. “Засвар хийж байна”, “Ачаалал хэтэрлээ” 0 зогсолт хийж магадгүй гэх тайлбарууд жилээс жилд улиг болж, иргэд түүнийг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрдөг болсон нь харамсалтай. Уг нь бид 5-р цахилгаан станцыг барих боломж байсан. Гэвч үе үеийн сайд, дарга нарын хувийн ашиг сонирхлоос болж энэ асуудал хойш тавигдсаар байна. Ганцхан жишээ дурдахад Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарыг 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээнээс 2,6 сая ам доллар завшсан хэргээр шалгаж цагдан хоригдож буй.
Тус хэрэгт холбогдсон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нь дунджаар 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 21 тансаг зэрэглэлийн хотхонд 26 орон сууцтай, тэдгээрийн дундаж үнэлгээ нь 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх.

Ийнхүү Эрчим хүчний сайд асан нь эх орноосоо хулгай хийсний шанг иргэд бид үүрч тоггүй, өвлийн хүйтэнд пааргүй, замын гэрлэн дохио нь ажиллахгүй, түгжрэлтэй, ЛАА барьсан өдрүүдийг өнгөрүүлж байна. Бид цалин, тэтгэмж, хангамж сайн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас ч илүү татвар төлдөг. Үүгээрээ бол бид Арабын Эмиратын нэгдсэн улсаас ч илүү сайн орчинд амьдрах ёстой юм. Монголчууд бид муу бүхэнтэй эвлэрч амьдраад сурчихсан гэхэд хилсдэхгүй. Үүнийг нь ч мэддэг сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр “Хөлдөөгөөгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Даарин дээр давс гэгчээр Эрчим хүний яамнаас Бөөрөлжүүтийн Цахилгаан Станцын түлэх нүүрс хөлдсөнөөс дахин тодорхойгүй хугацаагаар цахилгаан хязгаарлахаар боллоо хэмээн өнөөдөр мэдэгдсэн. Тог тасрахыг тэвчиж сурах биш, тог тасрах ёсгүйг шаардаж суръя
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна