Он гарснаас хойш махны үнэ огцом нэмэгдсэн гэж иргэд хэлж байгаа. Иймд бид “Хүчит шонхор”, Баянхошуу 21 аймгийн малчид мах худалдаалах төвд очин мах хэдэн төгрөгөөр, юунаас болж нэмэгдсэнийг бид сурвалжиллаа.
Өнөөдрийн байдлаар /2025.01.14/ “Хүчит шонхор” захад:
Хонины ястай мах 17500, цул нь 18500
Ямааны мах ястай 15500, цул нь 16500
Адууны ястай мах 14000, цул нь 15000
Үхрийн ястай мах 18500, цул нь 25000-28000
Тэмээний мах ястай 14500, цул нь 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин Баянхошууд байрлах “21 аймгийн малчид мах худалдаалах төвд”:
Үхрийн ястай мах 19500, цул мах 22000
Адууны ястай мах 12000, цул мах 15000
Хонины ястай нь 13800 /гулууз/, цул мах 18000 төгрөгөөр худалдаалж байв. Ямаа, тэмээний мах байхгүй байлаа.
Ихэнх худалдааны төв, дэлгүүрийн худалдаачид мах аа “Хүчит шонхор” захаас худалдан авч, цааш иргэдэд борлуулдаг тул Улаанбаатар хотын махны ханшийг энэ зах тодорхойлдог гэхэд буруудахгүй. Тэгвэл “Хүчит шонхор” захад өнгөрсөн аравдугаар сард махны үнэ өнөөдрийн ханшаас 2000-8000 төгрөгөөр хямд байсан юм. /Малчин лавлах төвөөс тодруулав/ Харин “21 аймгийн малчид мах худалдаалах төвд” намраас хойш махны үнэ 2000-5000 төгрөгөөр нэмэгджээ. /Малчид, худалдаачдаас тодруулав/
“ЭНЭ НЬ СҮҮЛИЙН ГУРВАН САРЫН ДОТОР МАХНЫ ҮНЭ 40 ХУВЬ ХҮРТЭЛ ӨССӨН ГЭСЭН ҮГ ЮМ”
Махны үнэ өдөр бүр бага багаар нэмэгдсээр өнөөдрийн энэ ханшид хүрсэн гэж зарим худалдаачид хэлсэн бол зарим нь оны өмнө 1500-2000 төгрөгөөр нэмсэн гэв. Тэгвэл махны үнэ ингэж 40 хувь хүртлээ нэмэгдэх болсон шалтгааныг малчид, худалдаачдаас тодруулахад тэд ингэж хэллээ.
“21 аймгийн малчид мах худалдаалах төв”-ийн худалдаачин Б.Нямсүрэн: Манай мах 1500 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ махны эрэлт хэрэгцээ ховордсоноос болсон гэж бодож байна. Хөдөө цас, зудтай үед малчид хотод ирэхгүй байх, бензиний үнэ нэмэгдсэнээс болсон. Би өөрөө 40,50 жил мал малласан тул өдий үед малчид гэрээсээ гарах янзгүй, мал хуй туйлдаж ядардаг, цас их ороод ирэхээр хариулах маллагаа их болдог учир малчид ирэх боломжгүй гэдгийг мэднэ. Хотоос бензин хийгээд очлоо гэхэд орон нутагт шатахуунгүй байна. Бодит үнэн ийм л байна.
“21 аймгийн малчид мах худалдаалах төв”-ийн малчин Э.Мандахчулуун: Би өчигдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас хотод ирээд мах аа зарж байна. Өөрөө малласан мах аа авч ирээд зарж болж байна. Татвар гайгүй юм. Дэнжийн мянгын зах татвар гэхэд л 170 гаруй мянган төгрөг нэхдэг. Энэ бол малчдад болж л байна. Би намар малчдын захад ирж мах зарсан. Тэр үед гүйлгээ сайн байсан. Одоо бол аргагүй. Мах хомсодсон, бензин, масло ховордсон байгаа. Хөдөө орон нутагт шатахуун очихгүй байна шүү дээ. Сард нэг удаа клонкуудад шатахуун ирээд дор нь байхгүй болчихдог. Намар шатахуун элбэг байхад малчдын ихэнх нь хотод ирж мах аа зарж байсан. Наашаа ирэх шатахуунгүй, мал аа харах бензингүй болж байгаа юм чинь. Хотод мах хомсдох нь аргагүй. Иймээс махны үнэ нэмэгдэж байна.
Худалдаачин: Махны үнэ нэмэгдсэн нь үнэн. Хотод мах орж ирэх нь ховор байна. Мах зарж, авч байгаа нь хаа хаана аа үнэ нь нэмэгдсэн. Шатахууны хомсдолт, үнэ нэмэгдсэн дээрээс нь хотод мах оруулах хүн ховор байдгаас болж байх шиг байна. Өдөр ирэх тусам л 500, 1000 төгрөгөөр тогтмол өсөж байна. Цаашдаа ч өсөх байлгүй.
Махны үнэ ингэж нэмэгдсэн нь цас зуд болон орон нутаг, хотод шатахууны хомсдол бий болсноос болж малчид махаа хотод оруулж ирэх нь саатаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнээс шалтгаалсан гэж худалдаачид хэлж байна. Өнгөрсөн аравдугаар сараас хойш шатахууны хомсдол үе үе үүсэж одоогоор Улаанбаатар хотын ихэнх шатахуун түгээх станцуудад АИ92 95 бензин байхгүй Евро стандартын бензин худалдаалагдаж байна. Орон нутагт ч мөн үүнтэй адил шатахууны хомсдолтой байгаа юм. Иймд шатахууны хомсдолоос болж тээвэр, логистикийн салбарт хүндрэл үүсэж, инфляцад нөлөөлж байгаагийн тод жишээг махны үнэ нэмэгдсэнээс харж болохоор байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна