Монгол Улсад татвар төлөгч иргэд бүсээ чангалж, бизнес эрхлэгчид татварын дарамтад өртсөн хэвээр байхад татварын газрын удирдах албан тушаалтнууд Дубай хотыг зорьсон нь нийгэмд бухимдал төрүүлэхээс өөр яах билээ. Гэвч тэднийг ажлаас нь чөлөөлснөөр асуудал үнэхээр дууссан уу, эсвэл гол асуултууд хариултгүй үлдэв үү? Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар Дубай хот руу албан томилолтоор бус аялалаар явсан гэх тайлбараар энэ асуудал төгсөж болох ч цаана нь улстөрийн том зохиол нуугдаж байж болох юм
Нийслэлээс зохион байгуулсан Дубайд туршлага судлах гадаад томилолтод явсан Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарыг Ерөнхий сайд яагаад ажлаас нь чөлөөлөв. Тэд дээрээс ирсэн, тушаал, шийдвэрийн дагуу томилолтоор явсан ч эргээд ирэхэд нь шийдэрийг гаргасан дарга биш тушаалыг дагасан хурган дарга нар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь зүйд нийцэх үү?Төрийн албан хаагч тухайн байгууллагын эсвэл эрх бүхий дээд шатны албан ёсны шийдвэр дагуу томилолтоор явдаг. Хэрэв Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үнэхээр бичгээр, албан ёсны захирамж, чиглэлээр татварын дарга нарыг гадаад томилолтоор явуулсан бол тэднийг “ажлаа тасалсан” гэж үзэх эрх зүйн үндэслэл сулрана.
Татварын газар нь засгийн газарт хамаарагддаг хэдий ч нийслэлийн түвшинд ажиллаж буй татварын албан тушаалтнууд хотын захиргаатай уялдан ажилладаг бодит практик бий. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тэднийг гадаад томилолтоор явуулсан ч ерөнхий сайд “ажлаа зөвшөөрөлгүй орхисон” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг.НТГ-ын дарга М.Болдбаатар хэлэхдээ “Дуба руу явах зардал болон санхүүжилтийг нийслэлээс зохион байгуулсан. Тийм болохоор санхүүг нийслэлээс асуух хэрэгтэй байх. Ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Дүүргийнхээ дарга нарт би шууд удирдлага нь учир чөлөө өгсөн. Би ТЕГ-ын дарга Н.Цогтнаранд хүсэлтээ өгсөн. Хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм. Тэгвэл аялалыг зохион байгуулсан, санхүүжүүлсэн, шийдвэр гаргасан нийслэл, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар яагаад хариуцлага хүлээхгүй, энэ тухай ганц үг ган гэхгүй байна вэ? Харамсалтай нь томилолт өгсөн, шийдвэр гаргасан байж болзошгүй байгууллага хариуцлага хүлээлгүй, явсан хүмүүс ажлаасаа чөлөөлөгджээ.
Төсөв хүнд үед гадаад томилолтод явсан ТАТВАРЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ Ерөнхий сайдын попорсон тушаал улс төрийн нүүдэл үү? Энэхүү шийдвэрээр татварын газрын дарга нар ажилгүй болж харин Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээс нэмэх оноо авч үлдлээ.
Хэрэв үнэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар томилолт өгсөн бол буруутан нь явсан хүмүүс биш юм. Харин энэ асуултад хариулт өгөхгүйгээр асуудлыг хаавал Дубайн аялал биш, төрийн хариуцлага өөрөө аялалд явчихсан гэсэн үг. Г.Занданшатарын дараагийн нүүдэл бол ажлаас чөлөөлсөн татварын газрын дарга нарын оронд өөрийн хүнээ суулгаж Сангийн сайд Б.Жавхлантай хоолоо хувааж идэх алсын хараа ч байж болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна