Иргэд, жолоочид оршуулгын буюу буяны ажилтай яваа машинд өгдөг хуудсаар дугааргүй өдрөө зорчих, торгуулахгүй байх боломжтой гэдэг ойлголттой байдаг. Энэ талаар бид жолооч, иргэдээс мэддэг эсэхийг тодруулахад, “Энэ тухай ойлголт байхгүй. Дугаарын хязгаарлалттай үед чөлөөтэй зорчиж болох хуудас гэж ойлгодог. Ажил явдалтай үед цуваагаар улаан гэрлээр зөөлөн гарах боломжтой гэж боддог. Аваар ослоос хамгаалсан хуудас байх. Нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой хуудас гэж ойлгодог” гэж хариулав.
Үнэндээ буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш юм. Тэгвэл энэ мэдээллийг өгөх ёстой эрх бүхий төрийн албан хаагчид нийтэд буруу ойлголт өгч, цаг алдсаны улмаас иргэд өндөр торгууль төлж, цаг хугацаагаа эдийн засгаар хохирч байна.
Тухайлбал иргэн Б.Номинтуулд өнгөрсөн оны есдүгээр сард буяны ажил гарчээ. Тэр үед буяны ажилтай жолоочид олгодог хуудсаа наагаад тэгш, сондгойгоор явахдаа дугаарын хязгаарлалтгүй зорчино хэмээн бодож замын хөдөлгөөнд оролцжээ. Улмаар түүний машинд дөрвөн удаагийн дугаар гардаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцсон торгууль бүртгэгдсэн байна. Үүнийг Б.Номинтуул төлөх ёсгүй хэмээн бодож буяны ажлаа дуусаад Авто тээврийн үндэсний төвд очин “Буяны бичигтэй байхад торгууль ирсэн. Үүнийг яах ёстой вэ?” гэж асуухад тухайн газраас “Шүүхэд хандаад цуцлуулж болно” гэж хариулжээ. Тэрбээр үргэлжлүүлэн замын цагдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс асуухад тоймтой хариулт өгөөгүй буцаажээ. Тэгээд хялбаршуулсан шүүх дээр очин хэрэг явдлаа хэлэхэд, “Өргөдөл өгөх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Ингээд есдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл Б.Номинтуул олон төрийн байгууллагаас асуултынхаа хариуг авах гэсэн ч “Бүгд шүүхэд хандвал торгуулиа цуцлуулж болно” гэдэг ойлголт өгчээ.
Тэгээд иргэн Б.Номинтуул нэгдүгээр сарын 7-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны ахлахтай очиж уулзан торгуулиа асуутал “Буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш” гэдэг хариултыг авч, торгуулиа өөрөө төлөх ёстойг мэдсэн байна. Гэвч тухайн иргэнд улсын байгууллагынхан тухайн үед буюу есдүгээр сард энэ тухай асуухад зөв ойлголтыг өгсөн бол торгуулиа нэмүүлэхгүйгээр төлөх боломжтой байсанд гомдолтой байгаа юм. Иргэн Б.Номинтуул нийт дөрвөн удаагийн зөрчил 40 мянган төгрөг төлөх байсныг мэдээллээ оновчтой өгөөгүй төрийн байгууллагаас болж 112 мянган төгрөг болгон төлөхөөр болсон талаар бидэнд ярилаа.
Энэ мэтчилэн ташаа ойлголттой мэдээллүүдийг төрийн албаныхан иргэдэд, сэтгүүлч нарт нээлттэй өгөх үүрэгтэй байдаг. Гэвч бодит байдал дээр сэтгүүлч нарын хүссэн мэдээллийг зарим төрийн албаныхан өгөхөөс татгалзаж, цааргалдаг. Тухайлбал, манай сайт Нийслэлийн төрийн өмчит газрын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, жолоочид оршуулгын буюу буяны ажилтай яваа машиныг торгох, гудамжны камерын тухай мэдээлэл авахыг хүссэн ч бидэнд илтэд дургүйцэж, төвөгшөөн мэдээлэл өгөөгүй юм. Гол мэдээллийг нийтэд өгөх ёстой субъект нь мэдээлэл өгөхөөс цааргалснаас болж бусдад чиглэл өгөх ёстой төрийн албан хаагчид ажлаа мэдэхгүй олныг төөрөгдүүлж, иргэдийг цаг хугацаа, эдийн засгаар хохироож байгаа нэгхэн жишээ бол энэ юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна