Алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулж хайр, талархал, цэцгэнд умбан инээмсэглэж явсан нэгэн ээжийн баярын өдөр 11 сартай бяцхан хүүгийнх нь оршуулгын ёслолоор солигдоно гэж хэн санах билээ
Тодруулбал 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ерөнхийлөгчийн зарлигаар АЛДАРТ ЭХИЙН ОДОНГОО авч буй баярт мөчтэй зэрэгцэн түүний утсанд нөхрөөс нь дуудлага иржээ. Хүүгийн биен дээр юм туураад, халуураад байна гэсэн дуудлага авсан шинэхэн алдарт ээж одонгоо энгэртээ гялалзуулсаар яаран яаран бага хүүгээ тэврэн ХӨСҮТ-ийн яаралтай хүлээн авах дээр очсон байна. ХӨСҮТ-ийн эмч нар хүүг үзээд УЛААНБУРХАН байна гэж оношлон ээж, хүү хоёрыг яаралтай хэвтүүлжээ. Энэ өдөр бол баяр бас гуниг дагуулсан баасан гариг байсан юм.5 дахь өдөр, ажлын цаг дууссан байсан учир шинжилгээ авч баталгаажуулсангүй, ээж хүү хоёр алтан гарт эмчийн хяналтад орлоо хэмээн талархан эмнэлэгтээ хэвтсэн. Амралтын өдрүүд таарсан учир ээж хүү хоёр эмчилгээ, шинжилгээ хийлгэхгүйгээр даваа гарагийг хүлээжээ. Цэцэгсийн анхилуун үнэр, хайртай дотно хүмүүсийнхээ баяр магтаалаас эм тариа ханхалсан эмнэлгийн коридор, аврал ирсэн, өвдсөн, туйлдсан хүүхдүүдийн уйлаан дунд 2 өдөр өнгөрч.
Ингээд 2025 оны 5 дугаар сарын 26 буюу даваа гараг болж , ажил цуглан тасаг хариуцсан Б.Бурмаа эмч хүүд үзлэг хийв. Тэрээр улаанбурхан өвчин биш байна, шинжилгээ өг гэжээ. Шинжилгээний хариу 2 өдрийн дараа гарч үнэхээр улаанбурхан биш энтеровирусийн халдвар авсан нь батлагджээ. Энэ өвчин нь улаанбурхан өвчнийг бодоход хөнгөн бөгөөд гэрээр антибиотик уугаад эдгэрдэг. Гэвч хүү, ээж хоёр Улаанбурхны халдвар авсан бусад өвчтөнүүдтэй хавьталд орж 3 хоног эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-ийн тасаг хариуцсан Б.Бурмаа эмч хүүгийн ээжид хэлэхдээ: Хэдийгээр улаанбурхан биш гэж гарсан ч халдвар авсан байх магадлалтай, хүүхдээ сайн ажиглаарай гээд эмнэлгээс гаргаж.
Шинжилгээгээр Улаанбурхан байхгүй, 5 өдрийн эмчилгээ хийгдсэн учир ном, журмын дагуу ээж, хүү хоёр эмнэлгээс гарахаас өөр сонголт байсангүй. Эмнэлгээс гараад дөрөв дэх хоног дээрээ хүү дахин өндөр халуурсан учир ХӨСҮТ-ийн хүлээн авах дээр очиж нөхцөл байдлыг тайлбарласан. Энэ өдөр мөн л амралтын өдөр буюу хагас сайн өдөр байв.
Айж сандарсан ээж хүлээн авахын эмч Б.Дөлгөөнтэй маргалджээ. Хөлд дөнгөж орж байсан 11 хэн сартай бяцхан үр нь хүнд өвдсөн ээжийн сэтгэл тогтворгүй байгааг ойлгох ухаан, хүнлэг сэтгэл эмчид байсангүй юу тэрээр хүүг үзэхээс татгалзаж өөр 2 эмч ирж хүүд үзлэг хийн хэвтүүлжээ. Энэ өдөр бол хагас сайн буюу мөн л амралтын өдөр. Хүүд мөн л нэгдэх өдөр хүртэл ямар ч эмчилгээ хийгээгүй байна. Ингээд хүү 2 дахь өдрийн өглөө сэхээнд орж гуурс тавиулсан ч 2 цаг болоод нарт хорвоог үүрд орхин явсан юм. Хүүгийн оношийг нтеровирус хэмээн анхнаасаа зөв оношилсон бол мөн амралтын өдөр хэмээн эмчилгээ хийдэггүй Монголын эмнэлгийн стандартын энэ доголдол байгаагүй бол нэгэн гэр бүлийн амьдрал, бяцхан хүүгийн амь нас үрэгдэхгүй байсан биз ээ.
Монголдоо ганц байх Халдварт өвчин судлалын үндэсний төв шүү дээ, сайн эмч нарын гарт орлоо хэмээн баярлаж, итгэж байсан ч аврал ирсэн эмнэлэг алтан гарт хэмээн найдаж байсан эмч нарынхаа гарт ой хүрээгүй хүүгээ алдсан хөөрхий ээжээс тэд уучлалт гуйгаагүй. Мэргэжлийн алдаа гаргаж, хариуцлага алдсан эмч нарт ямар арга хэмжээ авах тухай олон удаа шаардаж байж тэднийг цалингийн 20 хувиар 3 хүртэлх сар торгоод өнгөрчээ. Хүүгийн амь нас ердөө л ингэж үнэлэгдэж. Харин хариуцлага алдсан эмч нар ажлаа хийсээр...



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна