Х.Нямбаатар хотын даргаар ажилласнаас хойш Нийслэл хэдэн их наядын өндөр дүнтэй төсвийг хаалттай хэлэлцэж, бондын зарлага, санхүүгийн тайланг нийтэд ил тод мэдээлсэнгүй

Admin
2026/01/08

Хотын захиргаа бүтэн жилийн улсын төсвөөс дутуугүй их хэмжээний мөнгөний санхүүжилт авдаг. Гэвч энэ мөнгийг Хотын захиргаа үр дүнгүй хөрөнгө оруулалтад, гарын салаагаараа гамгүй цацдаг хэмээн иргэд шүүмжилсээр ирсэн. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРт үүнээс өөр хатуухан шүүмжлэх томоохон асуудлууд их бий. Энэ бол Нийслэлийн төсөв санхүүгийн зарлага, ажлын үр дүн хэтэрхий хаалттай, иргэдэд тогтмол танилцуулахгүй, Хятадын компаниудтай түлхүү хамтарч ажиллаж байгаа явдал юм. 

Өнгөрсөн жил Нийслэл бие даасан бонд гаргах эрхээ авч, 500 тэрбумын бонд босгосон. Ирэх онд мөн л 275 тэрбумын бонд гаргахаар болжээ. Гэтэл энэ мөнгөөр дотоодын хувийн компаниудтай хамтарч ажиллахгүйгээр түлхүү Хятадын компанитай хамтарч байгаад Монгол залуус шүүмжилсээр байгаа. Тодруулбал, манай улс бүх хог оо ангилалгүйгээр хөрсөнд булшилдаг. Үүнийг хөрсөнд булшлахгүйгээр шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг "Нааново Грин Энержи Монголиа" компанийн залуус хэрэгжүүлэхээр бэлэн болжээ. Гэтэл эдгээр залуусын төслөөс хоёр дахин их үнэтэй, иргэд албан байгууллагуудад 40 хувиар илүү эрчим хүч түгээх Хятад компанитай Нийслэл хамтарч ажиллахаар болсон юм байна. Үүнээс гадна Сэлбэ дэд төвийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд тэнцэхээргүй өндөр босго тавьж, гурав 400 тэрбумын бүтээн байгуулалтуудыг нэг дор багцалж тендер зарласан нь шүүмжлэл дагуулж байгаа. Түүнчлэн нийслэл дараа дараагийн бондыг босгож, зарцуулахаас өмнө хийсэн бодитой ажлуудаа, санхүүгийн зарлагын хамт тайлагнадаггүй. Уг нь хуульдаа төрийн төслийн зарцуулалт өгсөн авсан гээд бүх мэдээлэл нээлттэй байх ёстой гэж заадаг ч энэ зүйл манай улсад бүрэн хэрэгжихгүй байна. Улсын байгууллага тэр дундаа Нийслэл төсвийн зарцуулалтын тайлангаа шилэн данс гэх нэрийдлээр хэтэрхий ерөнхий утгаар том дүнгээр бичсэн байдаг. Үүнээс иргэд битгий хэл туршлагатай олон улсын санхүүгийн шинжээчид тодорхой мэдээлэл авч, шүүн тунгаах боломжгүй юм. Эдгээр олон асуудлуудаас хамгийн ноцтой нь Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж эхэлснээс хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид тэрбум, их наядын өндөр дүнтэй төсвөө хаалттай хэлэлцдэг болсон. Үүнээс болж жил бүр эвдрээгүй бродюрыг хэдэн төгрөгөөр аль компаниар солиулдаг талаар гэх энгийн мэдээллийг ч асар туршлагатай сэтгүүлчид мэдэж, мэдээлж чадахгүйд хүрсэн юм. Х.Нямбаатар ба түүний туслахууд өдөр бүр гудамж талбайн цас цэвэрлэгээ, орон нутаг руу шахмал түлш тээвэрлэсэн зөрчлийг илрүүлсэн тухай газар дээр нь шууд дамжуулалтаар шуурхай мэдээлдэг ч хамгийн чухал санхүүгийн тайланг нийтэд ил тод харуулж чадахгүй байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна