Дэд сайдуудын томилгоо буюу Г.Занданшатарын 16 кноп

Admin
2026/01/06

Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нарыг томилсон нь улс төрийн хүрээнд төдийгүй ард иргэдийн дунд маргаан дагуулж байна. Төрийн бүтцийг цомхон, хариуцлагатай болгох тухай олон жил яригдсан ч бодит ажил болж чадалгүй, харин ч эсрэгээрээ төр улам данхайж буй дүр зураг энэ шийдвэрээс тод харагдав.

Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн дарамт, инфляц, утаа, замын түгжрэл, ядууралд живж байна. Ийм нөхцөлд төр өөрөө бүсээ чангалж, зардлаа танах ёстой атал нэмэлт албан тушаал бий болгож, татвар төлөгчдийн нуруун дээр дахин ачаа үүрүүлж буй нь ямар учиртай вэ?

Дэд сайдын суудал нь цоо шинэ албан тушаал биш. Ихэнх тохиолдолд дэд сайд нар нь улс төрийн тохироо, албан тушаалын шагналын хэлбэр болж, хариуцлага нь тодорхойгүй, эрх мэдэл нь давхардсан бүтэц болон хувирч байсан гэхэд хилсдэхгүй. Хамгийн ноцтой нь энэ шийдвэр нь өмнө нь ярьж байсан “давхар дээл, данхар бүтцийг цэгцэлнэ” гэсэн улс төрийн амлалттай зөрчилдөж байгаа юм. Төр өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёрын зөрүүг улам тэлсээр байвал ард иргэдийн итгэлийг алдах нь гарцаагүй. Гол асуудал дэд сайдын тоонд биш, харин үр нөлөөнд оршиж байна.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас мэдэгдэл хийж дэд сайд нараа буцааж татахыг шаардсан. Хэрэв дэд сайд нараа татахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авах тухайгаа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Харин Ардын намын зүгээс одоог хүртэл хариу өгөөгүй юм. Төрийн шинэчлэл гэдэг бол албан тушаал нэмэх тухай биш, харин иргэдэд хүрэх үйлчилгээ, бодлогын чанарыг сайжруулах тухай ойлголт. Дэд сайд томилохоосоо өмнө Засгийн газар “энэ албан тушаал яг ямар асуудлыг шийдэх вэ, ямар хэмжигдэхүйц үр дүн гаргах вэ” гэдэг ойлголтыг иргэдэд бүрэн өгөх ёстой байв...

Ард иргэд өнөөдөр олон даргатай болох бус, шийдэлд хүрэхийг хүсэж байна. Харин шийдэл нь данхар бүтэц биш,  хариуцлагатай, цомхон, үр ашигтай төр байх учиртай. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа 16 дэд сайд томилсон нь түүний талд зогсох 16 шинэ кноп нэмлээ хэмээн хардах эрх иргэд бидэнд бий билээ.  

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.94
Өчигдөр
0
0
Дэд сайд байх ёстой мундаг залуучуудыг дэд сайд болсонд талархаж байна шүү
Хариулах
59.153.115.124
Өчигдөр
0
0
Улсын их хурлын мангар гишүүд дэд сайд нарт атаархаад байна.
Хариулах