Монголын бизнесийн салбарын хөгжил, үнэ цэнийг олон улсын түвшинд ойртуулж ирсэн МҮХАҮТ-ын нэр хүндтэй “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол 28 дахь жилдээ зохион байгуулагдаж, тухайн жилийн бодит үр дүн, тогтвортой өсөлт, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөрөө ялгарсан аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа.
Энэхүү шалгаруулалтаар “Сүү” ХК 2025 оны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгарч, Монголын бизнесийн салбарын чанар, итгэлцлийн бэлгэ тэмдэг болсон “МӨНГӨН МЕРКУРИ” цомын эзэн боллоо.
Шалгаруулалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг зөвхөн санхүүгийн үзүүлэлтээр бус, урт хугацааны хөгжлийн стратеги, ил тод засаглал, нийгэм эдийн засгийн орчинд үзүүлж буй бодит нөлөө, хүний хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт, олон улсын стандартыг нутагшуулсан байдал зэргийг цогцоор нь үнэлдэг нь уг шагналын үнэ цэнийг тодорхойлдог.
“Сүү” ХК-ийн хувьд энэхүү үнэлгээ нь үндэсний түүхий эдэд суурилсан тогтвортой үйлдвэрлэл, малчин, фермер, үйлдвэр, хэрэглэгчийг холбосон нэгдсэн экосистем, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн бодлогын бодит илэрхийлэл боллоо.
Иймдээ ч “Сүү” ХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа нь 800 гаруй ажилтны мэдлэг, ур чадвар, 2500 гаруй малчин, фермерийн хөдөлмөр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4000 гаруй харилцагч, мөн сая сая хэрэглэгчдийн итгэлцэл дээр тулгуурлан өргөжин тэлж байна.
“МӨНГӨН МЕРКУРИ” нь “Сүү” ХК-ийн хувьд үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлж, хариуцлагатай бизнесийн жишгийг тогтоож ирсний баталгаа юм. Мөн компанийн засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлагын бодлого зах зээлийн хүлээлтээс давж, салбартаа чиг хандлага тодорхойлогч түвшинд хүрснийг илтгэнэ.
Ирэх он жилүүдэд Монгол сүүний чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх, эдийн засгийг дэмжсэн бодлогыг бодит ажил болгох, хэрэглэгчийн итгэл дээр суурилсан өсөлтийг тогтвортой хадгалах зорилтоо улам бататган ажиллахыг уламжлахад таатай байгаагийн сацуу 67 жилийн туршид мөр зэрэгцэн, хамтран ажиллаж, дэмжиж ирсэн үе үеийн Сүү ХК-ийн ажилтан, хөрөнгө оруулагч, түншүүдэд гүнээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна