Монгол Улсын Засгийн газар төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгох, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, тусгай активын удирдлагыг боловсронгуй болгох, ил тод байдал болон хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцжээ. 10 газар, 25 хэлтсийг ЗУРГААН газар, 16 хэлтэс хүртэл бууруулахаар болсон байна. Харин удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгон бууруулах шийдвэр гаргасан аж. Ингэснээр хоёр тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болох тооцоог гаргасан байна.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг Засгийн газар баримталж байгаа бөгөөд цаашид улс төрийн нөлөөллөөс ангид, удирдлагын мэргэжлийн багаар удирдуулах үүргийг банкны Хувь нийлүүлэгч болон Төлөөлөн удирдах зөвлөлд албан ёсоор даалгасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна