Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл (ILC) болон Монголын үндэсний газрын эвсэл өнөөдөр /2025.12.22/ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Олон улсын газрын эвсэл нь хүн төвтэй газрын засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газар хоорондын байгууллагууд зэрэг 93 улсын 300 гаруй гишүүдээс бүрдэх олон улсын холбоо бөгөөд Монгол Улсад идэвхитэй 5 гишүүн байгууллагатай юм.
Энэхүү санамж бичгээр дамжуулан талууд Монгол Улсыг бэлчээрийн газрын аюулгүй байдал болон бэлчээрийн засаглалын чиглэлээр олон улсад тэргүүлэгч улс болгож, бэлчээрийн газрын онцлог үзүүлэлтүүдийг багтаасан Дэлхийн газрын засаглалын индексийг хэрэгжүүлэн, бэлчээр ашиглагчид болон малчид нь бэлчээрийг хянах, удирдах, нөхөн сэргээхэд хэрхэн гол үүрэг гүйцэтгэж болохыг харуулахаар зорьж байна.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Олон улсын газрын эвсэл, Монголын үндэсний эвсэл нар дараах зорилтуудын хүрээнд хамтран ажиллах юм. Үүнд:
Монгол Улс болон дэлхий даяар бэлчээрийн мал аж ахуйд төвлөрсөн, экологийн хувьд тогтвортой, мэдээлэл сайтай газрын засаглалын талаарх нийтлэг алсын харааг урагшлуулах;
Бэлчээрийг олон нийтийн оролцоотой, эрхэд суурилсан байдлаар зохион байгуулах, хамгаалах, нөхөн сэргээх, малчдын уугуул уламжлалт мэдлэгийг хадгалах, бүх түвшний байгууллага болон малчдын чадавхийг бэхжүүлэх;
Монголыг бүс нутгийн болон дэлхийн түвшний манлайлагч болгон хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг солилцооны төв болгож, Олон улсын бэлчээрийн жилийг Азийн бүс нутаг болон дэлхийд дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
Олон улсын бэлчээрийн жил болон Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурлын ололт амжилт 2026 оноос хойш удаан хугацааны түншлэл, мэдээлэлтэй бодлого боловсруулалт, олон нийтийг чадавхжуулах замаар үргэлжлэхийг баталгаажуулах зэрэгт багтаж байгаа билээ.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай болон Олон улсын газрын эвслийн захирал Марси Вигода нар бэлчээрийн газрын эрхийн хамгаалал, хууль эрх зүйн тогтолцоо, тогтвортой ашиглалт, зохион байгуулалт болон бэлчээр ашиглагчид, малчдын оролцооны ач холбогдлыг онцолж, өмнө нь зохион байгуулсан 2 удаагийн уулзалт, хэлэлцээр нь бодит үйл ажиллагаа болж буйд баяртай байгаа гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна