Олон улсад тулгамдсан нарийн ур чадварын хомсдолыг Монголд шийдвэрлэнэ

Admin
2025/12/17

Олон улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй нарийн ур чадварын хомсдол, ажиллах хүчний дутагдлыг бууруулах зорилгоор “Рио Тинто” группийн хөрөнгө оруулалтаар, Австралийн Квинсландийн их сургуулийн Тогтвортой ашигт малтмалын институтийн профессор Андре ван Асын удирдлага дор байгуулагдсан “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн (ӨГГУИ) анхны 27 төгсөгч хөтөлбөрөө амжилттай дүүргэж, сертификатаа гардан авлаа.

Эхний ээлжийн сургалтад “Оюу толгой”, “Эрдэнэс Оюу Толгой” компаниуд болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 27 оролцогч хамрагдаж, блокчлон олборлолтын инженерчлэл, тоон загварчлал, бэхэлгээ, агааржуулалт, өрөмдлөг ба тэсэлгээ зэрэг гүний уурхайн үндсэн чиглэлүүдээр дөрвөн удаагийн эрчимжүүлсэн сургалтад оролцлоо. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд 10 модуль бүхий практик сургалтыг Оюу толгойн уурхайн талбарт зохион байгуулж, АНУ, Канад, Австрали, Английн нэр хүндтэй их, дээд сургуулиудын эрдэмтэн, профессорууд удирдан явуулж буйгаараа онцлогтой. “Оюу толгой” компани нь уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулан, суралцагсдад уурхайн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.

ӨГГУИ нь 2025–2027 онд дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг гүний уурхайн нарийн мэргэжлээр бэлтгэх бөгөөд сургалтын хөтөлбөрөө Монголд нутагшуулан олон улсын түвшинд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хөтөлбөрийн бас нэгэн чухал ач холбогдол нь олон улсын эрдэмтэн, профессорууд гурван жилийн хугацаанд монгол багш нарыг сурган, тэднийг бие даан сургалтыг үргэлжлүүлэх чадамжтай болгох явдал юм. Ингэснээр Монгол Улсад багш, мэргэжилтнүүд цаашид тогтвортой бэлтгэгдэх боломж бүрдэх бөгөөд уул уурхайн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болно. Мөн 2026 оноос эхлэн ӨГГУИ-ийн хөтөлбөр бусад уул уурхайн компаниудад нээлттэй зарлагдах бөгөөд олон улсын хэмжээний сургалтад хамрагдах боломжийг олгох юм.

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарна

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” (ГОХДС) нь Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд 2015 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Уг гэрээний хүрээнд “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдэд олгодог.

ГОХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат хэлэхдээ: “2015 оноос хойш 500 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүллээ. Үүнд 3 сая төгрөгийн төсөвтэй малчдын тэжээлийн ургамал тариалалтын жижиг төслөөс эхлээд 24.2 тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 10.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан Говийн байгаль, түүхийн музей багтаж байна” хэмээн онцолсон юм.

Орон нутагт ач холбогдолтой том, жижиг бүх төрлийн төслийг тэнцвэртэй дэмжихийг зорьдог бөгөөд цаашид боловсрол, эрүүл мэнд зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарах чиглэл баримталж байна. Тухайлбал, багш нарын чадавх, англи хэлний боловсролыг сайжруулах 5 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 840 мянга гаруй хүн ГОХДС-ийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг хүртсэн бөгөөд үүнд бичил зээл авсан бизнес эрхлэгчид, тэтгэлэгт хамрагдсан оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн сурагчид, шинээр ажлын байртай болсон иргэд болон малчин өрхүүд багтаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна