УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.16) 10.00 цагт Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.
Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу нэр дэвшигчээс асуулт асуулаа.
Тэрээр, "Нэр дэвшигчээс хоёр зүйл асууя.
Нэгдүгээрт, Үйлдвэрлэгч, хувийн хэвшилд хамгийн их дарамт болж байгаа зүйл нь зээлийн хүү. Арилжааны банкны зээлийн хүүг энд яриад байх зүйл харьцангуй бага гэж бодож байна.
Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн барьцааны бөгөөд зээлийн шаардлага хангахгүй байгаа бизнес эрхлэгч нар маань өндөр хүүтэй зээлийн дарамтад дэндүү их орж байна.
Татварын асуудал бүр зургаадугаар асуудал юм. Тэгэхээр энэ өндөр хүүтэй зээлийн асуудлыг банк бус санхүүгийн байгууллага болон бусад зээлдэгчдийн асуудлыг мөнгөний бодлогын хүрээнд, Монголбанкны эрх үүргээр үүнийг багасгах боломж байгаа гэж та харж байна уу?
Хоёрдугаарт, 2021 оноос хойш сүүлийн таван жилийн мөнгөний бодлогын хүүг харлаа. 2021-2022 онд зургаан хувьд, түүнээс хойш хоёр дахин нэмэгдүүлээд одоо бараг 11-12 хувьтай явж байна.
Ирэх 2026 онд мөнгөний нийлүүлэлт багасна. Амаргүй жил харагдаж байна. Инцляцтай тэмцэх гэдэг үүднээс бодлогын хүүг нэмэгдүүлээд байх гэсэн бодлого барих уу. Эсвэл нэг оронтой тоо руу оруулаад үзвэл ААН-үүд, бизнесийн салбарынханд дэмтэй байна гэж харж байна уу?" гэв.
Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт хариулахдаа, "Өмнөх бодлогын алдаа болон тэлэлтийн үр дүнгээс болоод бодит өсөлтөөсөө хэтэрсэн төсвийн болон мөнгөний бодлогыг явуулсан.
Үүнийхээ төлөөсийг өнөөдөр бид төлж байгаа гэж ойлгох ёстой. Бодлогын хүү өндөр байгаа нь нөхцөл байдалдаа тохируулж төв банкнаас явуулж байгаа зайлшгүй арга гэж ойлгож байгаа. Энэ нь өөрөө үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт үнэхээр халтай.
Тэгэхээр үүнийг хүчээр буулгах юм бол тогтвортой байдлаа алдах нөхцөлд байгаа юм. Тиймээс богино хугацаанд гурван төрлийн цогц арга хэмжээг авах ёстой.
Богино хугацаанд буюу зургаан сарын дотор бодлогын хүүг буулгах боломж одоогийн нөхцөлд байхгүй.
Зээлийн өсөлт нь 24 хувь орчимд байна. Зээлийн бүтцийг харвал, 60 хувь нь хэрэглээний зээл байна. Салбарын балансыг харвал, дотоод цэвэр активын үзүүлсэн нөлөө нь 10.3 хувь, гадаад цэвэр актив нь буурсан байдалтай харагдаж байна.
Үндсэндээ энэ юуг харуулж байна гэхээр, зээлийн өсөлт нь маань импорт болж байна гэсэн үг.
Бодлогын хүү ийм өндөр байгаа тохиолдолд таны хэлж байгаачлан бизнес эрхлэгч нарт халтай байдал үүсэж байна.
Бодлогын хүүг бууруулна гэвэл макро тэнцвэр алдагдах учраас богино хугацаанд бодлогын хүүг буулгах бололцоогүй.
Тиймээс, хөөсөө агшаагаад буюу бодит байдал дээрээ хөөс хагалахгүй хаус үүсгэхгүй байсны дараа бодлогын хүүг инфляцын түвшинтэй уялдуулж буулгах боломж байгаа.
Бид, инфляцыг зорилтот түвшинд буюу инфляцыг 5 дээр нэмэх, хасах 2 болгоно гэдэг дунд хугацааны зорилт тавьсан. Энэ зорилтдоо төсөв мөнгөний бодлогоор хүрээд, үүнийгээ дагуулж бодлогын хүүг бууруулах боломж бий" гэлээ.
Сэтгэгдэл (1)