Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалт, 11 барилгын зоорины давхрын бетон цутгалт хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Энэ талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Нийт бүтээн байгуулалтын явц төлөвлөгөөний дагуу 20 хувьтай үргэлжилж байна. 2026 онд 65 хувьд хүргэнэ. Ингэснээр эхний ээлжийн орон сууцуудыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Сэлбэ хотын орон сууцны дундаж хэмжээг 61 м.кв байхаар төлөвлөсөн. Мөн 20 минутын хугацаанд алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчиход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, тохижилт, үйл ажиллагаа, явуулах боломжтой 20 минутын хотын орчныг Сэлбэ хотод бүрдүүлнэ. 2025 онд нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалтын ажил эхэлсэн. Үүнээс 11 барилга зоорины давхрын бетон цутгалтаа хийсэн. Таван барилгын зоорины давхрын бетон цутгалт хийгдэж байна. Одоогоор долоон барилга өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна” гэв.
Сэлбэ хотод явган хүний 42.5 км зам, 9.5 км авто зам, 19.6 км дугуйн зам барина. Мөн 3780 хүүхдийн 3 сургууль, 1200 хүүхдийн 5 цэцэрлэг барих юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна