Цахим спортын "PUBG Mobile" төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ өчигдөр/2025.12.14/ өндөрлөлөө. Нийт гурван сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн ДАШТ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Тайланд улсад эхэлсэн юм. Дэлхийн шилдэг 40 баг өрсөлдсөн энэ тэмцээнд монгол тамирчдаас бүрдсэн "Alpha Gaming" болон монгол тамирчинтай "Geekay Esports" багууд өрсөлдөв.
Гранд финалын 18 тоглолт болсноос "Alpha Gaming" баг хоёрт нь тэргүүлж, нийт 130 оноотой гуравдугаар байр эзэллээ. Харин Бразилын "Alpha7 Esports" баг 142 оноотой түрүүлж, Туркийн "ULF Esports" баг 133 оноотой дэд аваргаар тодорчээ.
Тэмцээний гранд финалын "MVP" буюу Шилдэг тамирчнаар А.Бүрэнбаяр буюу "TOP" тодорч, "Porsche Cayenne" автомашинаар шагнуулжээ. Түүний хувьд өмнө нь "Stalwart Esports" багийн хамтаар дэлхийн аваргын хоёр болон гуравдугаар байрт шалгарч байсан түүхтэй

Монголын төдийгүй дэлхийн шилдгүүдийн нэг "NIRZED"-ийн "Geekay Esports" баг энэ удаад гранд финалд шалгарч чадсангүй.
"Alpha Gaming" багт "TOP", "Zyol" тэргүүтэй дэлхийд хэдийнэ нэр алдраа цуурайтуулж, шилдэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн монгол тамирчид бий. Тэд өмнө "4Merical Vibes" багийн нэр дээрээс тоглож байсан боловч энэ оны тавдугаар сараас эхлэн Хятадын "Alpha Gaming" багт бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжсэн билээ.
Энэ удаагийн ДАШТ-д түрүүлсэн баг 555 мянган ам.долларын эзэд болсон бол гуравдугаар байр эзэлсэн "Alpha Gaming" багийг 199.5 мянган ам.доллароор шагнажээ.
Нэг үе Монголд "PUBG Mobile" төрөл залуусын дунд дэлгэрч, Монголоос шилдэг баг, тамирчид олноор төрөн гарч байсан билээ. Дэлхийн аваргын төлөө монгол багууд өрсөлдөж, хамтдаа шагналын тавцанд зогсож байсан үе саяхан. Харин сүүлийн үед уналтад орлоо гэтэл монгол тамирчдаас бүрдсэн "Alpha Gaming" баг дэлхийд цойллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна