Хүйтний эрч эрс чангарч, зарим аймгуудад өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдаж буйтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг УОК-ын шуурхай хуралдааныг зарлан 21 аймгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай цахимаар хуралдав. Хурлын ажиллагаанд Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Хуралдаанаар өвөлжилт хүндрэх төлөвтэй бүсүүдэд улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарийг гарган, бэлтгэл ажлыг хангаж эхэлснийг мэдээллээ. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш, шатахуун хүргэснээр баруун бүсийн аймгуудын түлш шатахууны нийлүүлэлт тогтворжсон талаар танилцууллаа. Бусад аймгуудад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай уялдаа холбоотой ажиллаж, шаардлагатай зохицуулалт хийх чиглэл өгөв.
Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшааж, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад ирэх 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллахаар төлөвлөж буйгаа онцлов.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.
Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын Засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын зэрэгцээ:
Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.
УОК-ын хурлын дараа аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох агентлаг байгууллагын удирдлагуудаас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, шаардлагатай үүрэг чиглэл өгч ажиллав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна