Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн Донтох эмгэг судлалын клиник (ДЭСК)-ийн өдрийн эмчилгээний “Өөртөө туслах бүлэг” нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийгэмд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа 10 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байна.
“Өөртөө туслах бүлэг” нь архи, согтууруулах ундаанаас хамааралтай байдлаас ангижрах, дахин сэргэхээс сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг, ойлголцол авах зорилготой, ижил асуудалтай иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн оролцдог дэмжих бүлэг юм.
Тус бүлэг нь 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсний 10 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээг СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг нээж, эмч, мэргэжилтнүүд болон өөрийгөө ялж, гэр бүл, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж буй даван туулагч нарт баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.
Баярын үйл ажиллагааны үеэр “Өөртөө туслах бүлэг”-ийн түүхэн хөгжил, Монгол Улсад архинд донтох эмгэгийн өнөөгийн байдал, мөн “Миннесота” сэтгэл зүй, оюун санааны эмчилгээний аргын талаар танилцуулга хийв. Түүнчлэн эмчилгээний үр дүнгийн талаар даван туулагчдын үе үеийн төлөөлөл, гэр бүлийн давхар хамааралтай иргэдийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцаж, “Сүүн ёслол”-ын үйл ажиллагааг хамтдаа гүйцэтгэлээ.
“Өөртөө туслах бүлэг”-ийн үйл ажиллагааны хүрээнд донтох эмгэгийг даван туулахад чиглэсэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хорт зуршлаас татгалзсан иргэдийн эмчилгээний үр дүнг хадгалах, бататгах, дахин сэргэх эрсдэлийг бууруулах, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, нийгэмшлийг дэмжих, эерэг харилцааг бий болгох олон талын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Үүнд туршлага солилцох уулзалт, ярилцлага, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг, өөрийгөө нээх, өөрчлөх дасгал сургалт, амьдралын ур чадвар хөгжүүлэх сургалт, хорт зуршлаас ангид амьдрах урам зориг өгөх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа багтдаг ажээ.
Эдгээр үйл ажиллагаанд тогтмол хамрагдсанаар иргэд хорт зуршлаас тогтвортой татгалзах боломж нэмэгдэж, өөртөө итгэх итгэл, амьдрах урам зориг нь сэргэн, гэр бүл, нийгмийн харилцаа сайжирч, улмаар амьдралын чанар бодитойгоор дээшилдэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна