ГЭРЛЭГЧДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ ОРОЛЦУУЛСНААР 24 ГЭР БҮЛ ЭВЛЭРСЭН БАЙНА
Монголд гэр бүл салалт өсөх хандлагатай болсон энэ үед хууль, шүүхийн байгууллагын ачаалал нэмэгдэж, үр дагавар нь хамгийн түрүүнд хүүхдүүдэд тусч байгаа нь нууц биш. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 онд шинээр хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаагаар шинээр гэрлэсэн гэрлэгчдийн тоо өмнөх таван жилтэй харьцуулахад 29 хувиар буурсан, гэрлэлт цуцлуулсан гэр бүлийн тоо 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Тэгвэл Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны 5 дугаар сард байгуулж, 8 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн билээ.
Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй гэрлэгчид ихэвчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүрт автсан байдаг тул сэтгэл зүйчийн дэмжлэг нь талуудын сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулах, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандаж, хосуудыг бие биедээ болон үр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэрлэлт цуцлуулах хүсэлтээсээ татгалзахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Манай улсын иргэдийн хувьд сэтгэлзүйчид очих нь харьцангуй сүүлд суусан соёл.
Эвлэрүүлэн зуучлалд сэтгэл зүйчийг оролцуулах нь ямар өөрчлөлт авчрав? Тэгвэл шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхлэхээс өмнө буюу 2025 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хосын зөвөлгөөг 123 хүнд, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг 3 хүүхдэд, ганцаарчилсан зөвлөгөөг 25 хүнд өгсөн байна. Нийт 14 гэр бүл эвлэрч байсан бол түүнээс хойшхи гурван сарын хугацаанд сэтгэл зүйч ажилласнаар 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарчээ. Сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааны амжилттай хувь 1.7 хувиар өссөн байна.
Гэр бүлийн маргааны 80 орчим хувь нь хосуудын хоорондын сэтгэл хөдлөлийн хурцадмал байдал, үл ойлголцлоос үүдэлтэй байдаг гэж сэтгэл судлаачид хэлдэг. Өнгөц асуудал нь санхүү, хүүхэд, ахуйн маргаан мэт боловч үнэн хэрэгтээ тэдний хосын нандин харилцаа алдагдсан байдаг байна.
“Хүмүүс асуудлаа шийдвэрлэхээр уулзалт дээр ирэхдээ уур, гомдлоо ил гаргадаг. Тэдний дуу хоолой, биеийн хэл 90 хувь нь хамгаалах байрлалд байдаг. Энэ үед шууд шийдэл яривал амжилтгүй болдог. Харин сэтгэл зүйч оролцсоноор уулзалтад сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдэж, хурцадмал уур амьсгал тайТгардаг” хэмээн гэр бүлийн сэтгэл зүйчид онцолдог.
Сэтгэл зүйч оролцдог уулзалтуудын нэг том өөрчлөлт нь хүүхдийн талаар гаргадаг шийдвэрүүд юм.Өмнөх жилүүдэд салалтын маргаан хүүхдийг “хөрөнгө” мэт булаацалдах хэмжээнд хүрч, хүүхдийн сэтгэл зүй хамгийн их хохирдог байсан. Харин мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө, үнэлгээний дүнд “хүүхдийн сэтгэл ханамж, тогтвортой өсөх орчин” гол үзүүлэлт болж эхэлсэн нь эцэг эхийн харилцааг мэдэгдэхүйц зөөлрүүлжээ.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч хүүхдийн саналыг асуухад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гадна хэн байлцах нь хуульд тодорхой тусаагүй, хүүхэд өөрийн саналаа хэлэхдээ шүүхийн орчин болон шүүгч, эцэг, эхээсээ эмээдэг, уг ажиллагаанд 2 талын өмгөөлөгчийг оролцуулах нь хүүхдийн саналд нөлөөлөх магадлалтай байдаг тул шүүхийн практикт хөндлөнгийн өмгөөлөгчийг албан бусаар оролцуулах тохиолдол гардаг байна.
Дээрх санамж бичгийн хүрээнд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 1-д “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана” гэж заасныг хангуулахаар 10 орчим хүүхдийн санал асуух ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйчийг оролцуулахад хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлсэн үр дүн гарчээ.
Эвлэрүүлэн зуучлалын практикт судалгаагаар, сэтгэл зүйчтэй хамтарсан уулзалтын дараа гэр бүл салалтаас буцах тохиолдол 30–50 хувь хүртэл өсдөг гэж олон улсын байгууллагууд тэмдэглэдэг. Сэтгэлзүйч дээр ирсэн хосуудын олонх нь эхэндээ салалтаар асуудлаа шийднэ гэж ярьдаг. Гэвч сэтгэл зүйчтэй ажилласны дараа асуудлын гол зангилаа нь буруу ойлголцол, өнгөрсөн гомдол, харилцааны хэв мөн байсныг ойлгоод, харилцаагаа дахин босгох шийдвэрт хүрдэг” гэж сэтгэлзүйчид дуу нэгтэйгээр тэмдэглэдэг.
Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлалтын түвшинг бууруулахаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Тиймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчийн оношилгоо, зөвлөгөө нь бодит дэмжлэг болж байгаа тул тус яамны зүгээс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах багийн бүрэлдэхүүнд сэтгэл зүйчийг оролцуулах талаар санал хүргүүлэн ажиллаж байна.Дээрх судалгаанаас үзэхэд гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах арга хэмжээнд мэргэжлийн сэтгэл зүйчийг оролцуулах нь гэр бүл салатын тоог бууруулна гэдэг нь харагдаж байна.
Мөн салалт зайлшгүй болсон ч сэтгэл зүйч оролцсон тохиролцооны дараах харилцаа илүү эерэг байдаг. Хүүхдийн хүмүүжил, уулзалтын цаг, санхүүгийн хуваарилалт зэрэг асуудлыг маргалдалгүй, харилцан хүндэтгэх зарчмаар зохицуулж чаддаг нь судалгаагаар нотлогдсон.Гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажилд мэргэжлийн сэтгэл зүйчийг зайлшгүй оролцуулах нь зөрчлийг намжаах, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу талыг авчирах юм.
Энэ бол “эрүүл гэр бүл, эрүүл нийгэм”–ийг бий болгох системийн өөрчлөлтийн эхлэл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна