Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч, удирдлагуудтай уулзаж байгууллагын үйл ажиллагаа, бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, цаашид хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Онцгой байдлын салбарын төсвийг таналт хийлгүйгээр бүрэн батлуулсанд Шадар сайдад талархал илэрхийлэн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудаас танилцууллаа.

Тухайлбал: Гамшгаас хамгаалах тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх, Онцгой байдлын салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг яаралтай батлуулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Мөн “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээлээ.
Шадар сайд Х.Ганхуяг хуулийн төслүүд дээр нэмэлт судалгаа хийж, эрхзүйн оновчтой шинэчлэл хийхээс гадна салбарын чадавхыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Шадар сайд ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 4974 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4272 хүн, 423 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна