БАЙГАЛЬ_ОРЧНЫ_ХЯНАЛТ_2025 БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ЧИГЛЭЛЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад нийт 128 иргэн, хуулийн этгээдийг хамруулж, 61 удаагийн зөрчил дутагдлыг илрүүллээ. Тухайн зөрчлүүдэд 4 зүйлийн ховор ургамал /Алтайн сонгино, Хонин арц, Дэрэвгэр жиргэрүү/, 4 зүйлийн элбэг ургамал /Ганга өвс, Одой сараана, Ямаан арц г.м/ өртсөн байна. Зөрчил гаргасан 18 хүнд нийт 3.700.000 төгрөгийн торгууль, 65.482.300 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж ажилжээ.
Мөн зохих зөвшөөрөлгүйгээр ховор зүйлийн ургамал болох Будгийн хөхөргөн /Ванлангин/ гэх ургамлын үрийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр Амгалангийн тариа гэх газарт нийт 449 га талбайд тариалсан зөрчлийг илрүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.
Дээрх байршилд тус хуулийн этгээд нь 0.4 га талбайд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй таримал олс /Cannabis sativa L/-ны төрлийн ургамал тариалсан байсныг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нийт 9 хүн, хуулийн этгээдийг харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллалаа.
Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан торгох, хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байдаг.
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд байгалийн ургамлын чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлын арилгуулалт 61.4%, хууль сахин мөрдөлтийн түвшин 52.4%-тай байна.
Тиймээс иргэн, хуулийн этгээд та бүхэн байгалийн ургамлыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, худалдах, худалдан авах, тээвэрлэх болон тарималжуулан ашиглах тохиолдолд Байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, зохих зөвшөөрлийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна