Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 12 дугаар сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвийг хиймэл дагуулын мэдээлэл болон газрын ажиглалтын өгөг, зуншлага, бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны хазайлтад үндэслэн танилцууллаа.
Тус төлөвт дурдсанаар, малын өвөлжилт нийт нутгийн дөрвөн хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй, 33 хувьд дунд зэрэг, 25 хувьд бага эрсдэлтэй, үлдсэн 21 хувьд хүндрэлгүй байх аж.
Тодруулбал, Баян-Өлгий, Увс аймгийн ихэнх нутгаар өвөлжилт их эрсдэлтэй байхаар байна. Харин Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завхан аймгийн ихэнх, мөн Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их эрсдэл, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй өвөлжих төлөв гарчээ.
Иймээс өвөлжилт хүндрэх магадлалтай бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас тогтмол шинэчилж байршуулдаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын мэдээлэл болон зудын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн цаг агаарын нөхцөл хүндрэх үед авах шаардлагатай арга хэмжээний бэлтгэлийг хугацаанаас нь өмнө ханган ажиллахыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна