Төрийн дээд түвшний албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдох үед шинэ томилгоо явагдаж төрийн байгууллагуудын дарга, агентлагийн удирдлагууд солигддог нь манай улстөрийн практикт түгээмэл ажиглагддаг үзэгдлийн нэг болоод удаж буй. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдэл солигдох үед удирдах түвшний томилгоо дагаад өөрчлөгддөг нь манай улсад энгийн үзэгдэл болчихсон. Шинэ удирдлага ирэх бүр төрийн байгууллагын бодлого, хэм хэмжээ дагаад өөрчлөгддөг. Энэ нь олон сөрөг үр дагавартай.
Үүний тод жишээ бол шинэ дарга томилогдмогцоо аль хэдийн хууль ёсоор шалгарсан тендерийг үндэслэлгүйгээр цуцалсан явдал юм.Торуулбал ТОСК буюу Төрийн орон сууцны корпораци 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Солонго 1,2 төслийн ажилчдын хэрэглээнд суурин компьютер, таблет, принтер нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан байдаг. Уг тендерийн сонгон шалгаруултад шалгарсан компани нь 259,820,000 төгрөгийн гэрээ байгуулах мэдэгдлийг Төрийн өмчийн төлөөлөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Молороос хүлээн авсан байна.”
Гэвч өчигдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тул тендерийг хүчингүй болгосныг мэдэгдэж байна хэмээх “ТОСК”ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очирын гарын үсэгтэй албан бичиг иржээ.
Төрийн худалдан авалт бол ил тод, өрсөлдөөнтэй, тэгш боломжийг хангахын тулд хуульчилсан нарийн процесс. Компани оролцохын тулд төсөл боловсруулж, тооцоо хийж, зардал гаргаж, дор хаяж хэдэн сарын хөдөлмөрөө зарцуулдаг. Гэтэл шинэ удирдлага ирлээ гээд өмнө хийсэн ажлыг үгүйсгэх нэрийдлээр тендерийг цуцална гэдэг нь хууль ёсны эрх, зах зээлийн шударга өрсөлдөөнд халдсан үйлдэл юм.
Тендер цуцлах бол бодит үндэслэл, баримт бүхий шалтгаан шаарддаг. Чухам хоёрхон долоо хоногийн өмнө тендер сонгон шалгаруулж байсан ТОСК яагаад дарга солигдоход санхүүгийн эх үүсвэргүй болсон нь хачирхалтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр томилогдсон дарга болох ТОСК”ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очир болон Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Энхбаатар нар уг шийдвэрийг гаргажээ. Ж.Энхбаатар нь өөрийн эзэмшсэн мэргэжил буюу IT программын чиглэлээр уг төсөвт дахин тендер зарлах гэж буй юм. Тэрээр БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд түүнийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн гэх ч энэхүү томилгоог ТОСК-ийн ажилчид хууль бус гэж үзэж байгаа юм. Учир нь дээрх хоёр хүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна.
Шалгарсан тендер хүссэн цагтаа цуцлагдаж болдог бол бизнесийн орчинд тогтвортой байдал гэж байхгүй гэсэн үг. Компаниуд ийм эрсдэлтэй орчинд хөрөнгө оруулах, шинэ төсөлд орох, төртэй хамтран ажиллах сонирхолгүй болно. Ингэснээр өрсөлдөөн суларч даргын танил тал өндөр үнээр тендер авч, авилга хээл хахууль нэмэгдэнэ. Уг нь бол Төрийн байгууллага хувь хүний үзэмжээр ажилладаггүй
Шинэ дарга ирлээ гээд өмнөх бүх шийдвэрийг үгүйсгэнэ гэдэг нь мерит зарчим алдагдсаны бодит илрэл. Төр бол хувь хүний өмч биш. Түр хугацаанд ажиллаж буй албан тушаалтан өмнөх шийдвэрийг зөвхөн улс төрийн эсвэл хувийн сонирхлоор өөрчлөх эрхгүй.Төрийн залгамж чанар, хууль ёсны шийдвэрийн дархлаа гэдэг зүйл ингэж устаж байхад институцийн хөгжил, хууль дээдлэх ёс, тогтвортой бодлого гэж ярих үндэс байхгүй билээ.
“Хэний хүн гэдгээс шалтгаалж тендер шийдэгддэг” гэх ойлголт үнэн болж, төрийн нэр хүнд доройтсоор...
Сэтгэгдэл (2)