Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд огцруулах шийтгэл оноожээ. Түүний эсрэг гомдлыг Э.Ариунтулга гэх иргэн гаргасан аж.
Э.Ариунтулга нь 2022 оны хавар төрсөн ахынхаа аминд хүрсэн хэрэгт холбогдон шалгуулсан нэгэн бөгөөд түүнд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна. Энэ үедээ тэрбээр гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэн 50 сая төгрөг барьцаалуулжээ. Ингээд батлан даалтад гарч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байтал дээрх шүүгч дахин 50 сая төгрөг нэмж барьцаалахыг шаардаж, үгүй бол цагдан хорино гэж. Үүний дагуу уг мөнгийг нь барцаалсан бөгөөд шүүх хурал болж Э.Ариунтулгад 10 жил хорих ял шийтгэсэн байна. Харин Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ. Улмаар түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх үед шүүгч Ц.Амаргэрэл барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 400 сая төгрөг болгон нэмж байршуулахыг шаарджээ. Үүнийг нь эсэргүүцсэн Э.Ариунтулга Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасны дагуу шалгалт хийсэн юм байна. Ингээд Шүүхийн сахилгын хороо шүүгч Ц.Амаргэрэлийг огцруулах шийдвэрийг гаргав.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлийн хувьд өнгөрсөн аравдугаар сард цалингаа гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах шийтгэл хүлээсэн нэгэн. Түүний талаар Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан Ж.Төмөрсүх нь гомдол гаргасны дагуу Сахилгын хорооны хурлаар хэлэлцээд уг шийтгэлийг оноосон юм. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар, Ц.Амаргэрэлтэй холбоотой гомдол Шүүхийн сахилгын хороонд гаргаж байсан. Сахилгын шийтгэл оноосон шийдвэрийг эсэргүүцэж, Шүүхийн сахилгын хороо болон Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй учраас тухайн шүүгч өдгөө үргэлжлүүлэн ажлаа хийж буй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна