Монгол улсын хэмжээнд улсын ахмад настны асрамжийн газар нэг л байдаг. Энэ төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв юм. Гэр бүлийн гишүүнгүй, асран хамгаалуулах хүнгүй ахмад настнууд энэ төвд тэтгэврийнхээ 30 хувийг төлж халамжлуулдаг. Тус төв нь нийт 250 хүний багтаамжтай бөгөөд ачаалал ихэссэн тул ахмад настан авах боломжгүй байдалтай байна.
ЭРЧҮҮД ЗАЛУУДАА АРХИ УУСНААС БОЛЖ НАСНЫ ЭЦЭСТ ХҮНИЙ АСАРГААНД ОРОХ НЬ ИХ БАЙНА
Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү: Одоо манайх байнгын асаргаатай хүн авахад ачаалал дийлэхгүй байгаа. Бие даах чадвартай хүн авч байна. Манайд үйлчлүүлж байгаа 200 гаруй хүний 70 орчим хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй байдаг. Энэ бол манай эрэгтэйчүүд залуудаа архи дарс, зугаа цэнгээнээс болж гэр бүлээ орхигдуулдаг учир ийм үр дүн гардаг болов уу гэж би боддог. Ахмадын асрамжийн газрын эрэлт байгаа. Гадаадад сурах үед хувь хүн төлбөрөө төлөөд аав, ээжийгээ үлдээгээд явах газрын хэрэгцээ бий. Сэтгэцийн өөрчлөлттэй иргэдийн асрамжийн газар байгуулах шаардлагатай байгаа. Зүгээр эрүүл хүмүүстэй сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс цуг байхад нөгөө хүнийхээ эрхийг зөрчих тохиолдол байдаг.
Ахмад настны үндэсний төв 1924 онд үүсгэн байгуулагдаж 100 зуун жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нэг өрөөнд хоёр ахмад настан байршдаг байна. Орчны тухайд ахмад настнуудад зориулсан үнэгүй массажны сандал, бүжгийн танхим, номын сан, шашны өрөөтэй. Түүнчлэн ахмад настнууд хүсвэл сумын төв орж, дэлгүүр хэсэж болдгоос гадна зарим нь сонирхлоороо гар урлал хийж, хатгамал оёж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байна.
Ахмад настан Ч.Эрдэнэцэцэг: Би сонирхлоороо шигтгээ наамал хийдэг. Сүүлийн нэг сарын хугацаанд 20 гаруй бүтээл хийсэн. Би морины зураг шигтгээ наамлаар хийх дуртай. Бид өөрсдийн тэтгэврийн мөнгөөрөө бүтээгдэхүүний материалаа худалдан авдаг ч ихэнхдээ хот хол тул материал авахад хүндрэлтэй байдаг. Энэ асрамжийн төвд ирээд найман сар болжээ. Өмнө 2014-2024 он хүртэл ганцаараа байр түрээсэлж амьдарч байсан. Тэгээд бие өвдөөд “Тереза эх” асрамжийн газар найман сар байсан. Тэгээд энд ирсэн. 2014 онд миний хань бурхан болсон учир ганцаараа амьдарсан юм. Би залуудаа Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр ажиллаж байсан юм. Энд ирээд тав тухтай сайхан байна. Өөрийн өрөөгөө сайхан тохижуулсан. Энэ нь надад тав тухтай байдаг юм.
Ахмад настнууд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүний материалаа тэтгэврээрээ худалдан авч хийдэг байна. Тэгээд хийсэн бүтээлээ ихэнхдээ гаднаас ирсэн зочдод бэлэглэж, заримдаа зардаг. Гэхдээ зарах нь ховор. Учир нь ахмад настны үндэсний төв төв аймагт байрладаг тул хот руу бүтээлээ хүргэхэд хүндрэлтэй байна. Энэ мэтчилэн олон ахмад настнууд тус төвд уйдалгүй, нийгмийн харилцаанд орж амьдарч чаддаг. Бүүр зарим нь энэ төвд танилцаад ханилан сууж, нэг өрөөнд хамтдаа цайгаа хуваан уудаг болжээ. Ахмад настан Л.Төмөр-Очир, С.Сарангэрэл нар 2019 онд энэ төвд танилцан, хамтдаа нэг өрөөнд амьдардаг болж, ханилан суужээ.
Ахмад настан Л.Төмөр-Очир: Би 2019 онд энд ирсэн. 87 настай. Төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай хөгшин өмнө нь цэвэрлэгч хийдэг байсан юм. Бид хоёр нэг нэг хүүтэй. Тэд маань хааяа нэг ирнэ. Заримдаа би сумын төв орж, хэрэгтэй зүйлээ худалдан авдаг юм. Бид хоёр өөрсдийн өрөөгөө бүгдийг тэтгэврээрээ тохижуулсан. Хүнд хэрэгцээтэй угаалгын машин, хөргөгч, сэнс гээд бүгд байгаа. Сүүлд бас караоке авсан. Нийт 270 дуутай. Бид хоёр сонсож, дуулах дуртай. Манай хөгшин гар урлалын бүтээгдэхүүн хааяа хийнэ. Энд агаар гоё, таатай байдаг юм.
Хувийн болон сүмийн зориулалттай ахмад настны асрамжийн газар Улаанбаатар хотын хэмжээнд 4 байдаг байна. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ихэнхдээ ачаалал ихтэй байдаг. Ялангуяа хүйтний улирал эхлэхэд ачаалал дагаад ихэсдэг байна. Монголчууд бол гэр бүлсэг, ахмад настнуудаа залуус нь энэрч хамтдаа амьдардаг уламжлалтай ард түмэн. Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж, хөгжил дэвшил, глобалчлал тэлэхийн хэрээр ахмадын асрамжийн газар илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Үүний нэгэн жишээ бол Ахмад настны үндэсний төвд ачаалал ихсэж, хүнд хэвтрийн өвчтэй ахмадуудыг авах боломжгүй болсон асуудал юм. Түүнчлэн асаргаагүй, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, асрамжийн газарт очиж үйлчлүүлэх шалгуурыг нь хангадаггүй ахмадууд хороо бүрд хэдэн зуугаараа бий. Тэд ийм дулаан, тав тухтай орчинтой газар бусад ахмадуудынхаа хамт амьдрах хүсэлтэй байдаг ч манай улсад улсын ганцхан асрамжийн газар байдаг нь харамсалтай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна