“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа

Admin
2025/10/10

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан нүүрсний гэрээг төрийн нууцаас гаргасан талаар мэдээлэхдээ 3 жилийн өмнө олон нийтэд нээлттэй болж, УИХ-ын нүүрсний сонсголоор бүтэн өдөр хэлэлцэгдсэн төмөр замын төслүүдийн гэрээг хамтатган дурдсан байна.

“Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан эдгээр гэрээ нь Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрийн нууцаас гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл нээлттэй байсаар ирсэн.

Олон жил гацсан Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Бодь Интернэшнл” ХХК 2013 оны төсөвт өртгөөр 2019-2022 онд амжилттай гүйцэтгэн, Улсын комиссын онцсайн дүнтэйгээр захиалагч ”Тавантолгой Төмөр Зам” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Манай компанийн барьсан төмөр замаар олон сая тонн нүүрс тээвэрлэгдэж, улмаар хил холболтын гэрээ байгуулагдах нөхцөл бүрдсэнийг бүгд мэднэ. Харин Богдхан төмөр замын төсөл нь Захиалагч талын санаачилгаар хэрэгжээгүй болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажлын төлбөрт өгөх нүүрсийг БНХАУ-ын худалдан авагч нарт шууд нийлүүлдэг, “Бодь Интернэшнл” ХХК нь нүүрсний худалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаанд оролцоогүй, нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бус үйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн ажлын төлбөрт нийлүүлэгдэж байсан нүүрсний үнийг санхүүжүүлэгч тал зах зээлийн үнэтэй уялдуулан индексжүүлж, улирал бүр шинэчлэн тогтоодог бөгөөд энэхүү үнэ нь БНХАУ-ын бусад худалдан авагч нарын үнэтэй ижил байсан болно.

Иймд нэг талыг барьсан, ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрчид, хувь хүмүүст уриалж байна.

“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК

2025.10.09



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна