Сангийн яамнаас эмнэлгийн төсвийг танаснаас болж хүүхэд, хөгшид хэвтэн эмчлүүлэх зардалгүй болжээ

Admin
2025/10/08

УИХ-ын Гишүүн Б.Жавхлан гурван жилийн хугацаанд сангийн сайдаар ажиллаж байна. Энэ хугацаанд тэтгэмж, халамж, даатгалын сан  хоосордог асуудал энгийн үзэгдэл болсон. Үүний хэдхэн жишээ бол сүүлийн нэг жилийн хугацаанд даатгалын сан хоосорч эмч нар цалингаа авч чадахгүйд хүрч байсан. Түүнчлэн жилийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон тул иргэд улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ төлбөр төлөхөөр болж байв. Одоогийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмжийн сан хоосорсон байгаа тул иргэд тэтгэмжээ авч чадахгүй байдалтай байна. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа нэгхэн жилийн хугацаанд сангууд хоосорсон ч Сангийн сайд Б.Жавхлан сангийн үйл ажиллагаа хэвийн гэж зөрүүтэй мэдээлэл өгсөөр удлаа.

Уржигдар /2025.10.06/-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан, “Монгол улсын төрийн санд үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч саатсан зүйл байхгүй” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм. Тэгвэл сангийн үйл ажиллагаа хэвийн бус байгаа гэж өчигдөр /2025.10.07/ хэд хэдэн УИХ-ын Гишүүд ам алдлаа.

УИХ-ын Гишүүн Б.Баярбаатар: Төрийн сангаас олон аж ахуйн нэгжүүд ажил гүйцэтгэсэн мөнгөө авч чадахгүй, хувааж авч байна гэж байна. Уг нь нэг их мөнгө биш байгаа байхгүй юу. Мөнгөгүй байна гээд өнгөрсөн долоо хоногт хийсэн гүйлгээ нь хийгдэхгүй, энэ долоо хоногт хагас нь орлоо гээд л аж ахуйн нэгжүүд ярьж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өнөөдөр даатгалын мөнгө нь хүрэхгүй болчихсон. Цалин хөлсөө тавьж чадахгүйдээ тулчихсан. Ийм байж байна.

Энэ мэтчилэн Сангийн үйл ажиллагаа хаа хаанаа, дээр дооргүй доголдож байгааг гудамд гараад мэдэх боломжтой атал Сангийн сайд Б.Жавхлан хэвийн гэж худал хэлж байгаа нь харамсалтай. Түүнчлэн яг өнөөдрийн байдлаар Эмнэлгийн байгууллага санхүүжилтгүйн улмаас хөгшид, хүүхдүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд байна. Тодруулбал, Сангийн яамнаас төрийн байгууллагуудын албан хаагчдын цалин хөлсний зардал, ус тог цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлаас бусад бүх төрлийн төсвийг өнгөрсөн долоодугаар сараас хойш хаажээ. Засвар үйлчилгээ, эм тариа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөв хаагдаж танагдсаны улмаас Улаанбаатар хотын ихэнх дүүргийн эмнэлэг ахмад настан, бага насны хүүхдийг хэвтэн эмчлүүлэх зардалгүй болж энэ төрлийн үйлчилгээ авч чадахгүй иргэдийг буцааж байна. Үндсэн хуулиараа Монгол улсын иргэн бүр төрөөс эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй өвдсөн үедээ авах эрхтэй байдаг. Энэ эрхэнд халдахаас гадна, ханиад томууны хүйтний улиралд хөгшид буурлууд, хүүхдүүд сангийн яамны хасалт таналт, хэмнэлтээс болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй байдалтай байна. Ийм олон асуудлууд саатсан, хоосорсон сангийн яамнаас болж ар араасаа хөвөрч байхад Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын төрийн санд үйл ажиллагаа хэвийн явж байна” гэж мэдээлж буй нь хачирхалтай. Ер нь оны сүүлийн саруудад тэтгэвэр, тэтгэмж, даатгалын үйлчилгээ саатдаг болоод удлаа. Он гарахад хоёрхон сар үлдсэн энэ үед эрүүл мэндийн даатгалын сан хоосорч, иргэд үйлчилгээ авч чаддаггүй байгаа нь энгийн үзэгдэл гэж ойлгох уу? Сангийн сайд аа! 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна