Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

Admin
2025/10/03

Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр, Монголын багш нарын баярын 59 дэх өдрийг тохиолдуулан "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн шилдэг багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 1000 орчим байгууллагад 43.000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Нийт багш, ажилтнуудын 1000 орчим нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг. Нийслэлээс эдгээр гэр бүлийн 40 гаруйд түрээслээд өмчлөх орон сууц олгоод байсан. Энэ удаа мөн 8 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Өнөөдөр нийслэлээс боловсролын салбарт барьж буй бодлогын хүрээнд амжилттай ажиллаж буй багш нарыг урамшууллаа. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих үүднээс өнөөдөр найман багш гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо. Ингэснээр 50 багш гэр бүл орон сууцтай болж байна. Мөн тэгш хамруулан сургах чиглэлээр хамгийн сайн менежменттэй ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, хамгийн сайн зөвлөх багш, цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж буй багш нарыг шалгаруулж урамшууллаа” гэв.

-НЕБ-ын 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Сайнсанаагийн гэр бүл “Миний хувьд 11 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний ээж. Ээж маань боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ суусан ч одоо хүртэл ажиллаж байгаа бага ангийн багш. Мөн эхнэр маань Хөгжил сургуулийн Англи хэлний багшаар ажилладаг бөгөөд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай ам бүл хоёр ихэр хүү, хоёр ихэр охинтой. Боловсролын байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажилласны хөдөлмөрийг үнэлж, манай гэр бүлийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхээр шагнасанд баяртай байна” гэв.

-НЕБ-ын 115 дугаар сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэсүх “Дадлагын багш ирж, хичээл заахад тэр багш надад маш их таалагдаж, ойр дотно санагдсан. Багш маань олон зүйл зааж сургасан учраас багшийн мэргэжлийг сонгож, ийнхүү 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний эхнэр НЕБ-ын 102 дугаар сургуулийн гадаад хэлний багш бөгөөд боловсролын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлээрээ багш байх нь сайхан ч бас хэцүү үе бий. Гэхдээ бид багш мэргэжлээрээ хайртай. Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хэзээ ч харамсаж байгаагүй. Өнөөдөр түрээслээд өмчлөх байрны эзэн болсонд баяртай байна. Энэ шагнал олон залуу багш гэр бүлийг дэмжсэн, нүдээ олсон шагнал байна. Нийт багш нартаа Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлж буй агуу үйлстнүүд. Өөрсдийн мэргэжлээрээ үргэлж бахархаж яваарай” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна