Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн оролцоог хангах, нээлттэй хэлэлцүүлэх зорилготой Төсвийн байнгын хороо цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсаар байна. Өчигдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран "Боловсролын салбарын 2026 оны төсөв" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Боловсролын салбар бол хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэх, хувь хүн, улсын хөгжил дэвшлийг түүчээлдэг. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласан. Энэ хүрээндээ ерөнхий боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги, бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүлж, 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.
Салбарын төсөв 2022 онтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн бөгөөд багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгох, нэг ангид суралцах, хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалал, нийцүүлэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгаад байна.
Ирэх онд улсын хэмжээнд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинэ төсөлд 1 их наяд төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийгээ бүх салбарын хэмжээнд эрэмбэлж, хуваарилахдаа тэргүүн ээлжинд боловсролын салбар, эрүүл мэнд, удаад эрчим хүч, дэд бүтцийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг тусгаад байна.
Цаашид боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хувьсах зардлын тарифыг шинэчлэх хүрээнд цалин хөлсний бүтцийг үе шаттайгаар боловсронгуй болгохын зэрэгцээ боловсролын орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байхад чиглэсэн цогц арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна