НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 193 орон нэгдээд байна. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн.
Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор манай улс дараах таван тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
“Ардчиллын боловсролын тухай”.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан юм.
Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын тавцанд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал, санхүүгийн томоохон хямралын улмаас НҮБ-ын төсвийг 30 хүртэлх хувиар бууруулах шаардлага бий болсон бөгөөд энэ сорилтыг даван туулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд “НҮБ80” санаачилга чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна