"MCS" групп болон түүний охин компаниуд сонгууль бүрээр нэр дэвшигчдэд хандив өгдөг асуудал яригддаг билээ.
Энэ талаар "MCS" группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэвлэлд ярьжээ.
Тэрбээр "Хуульд хэн нэгэн хүн УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд аж ахуй нэгж тодорхой хэмжээний мөнгө өгнө гээд заачихсан байгаа. Тэрний дагуу бид хуулийн хүрээнд хандив өгч байгаа. Нэг аж ахуй нэгж 30 сая төгрөг, гурван аж ахуй нэгж 90 сая төгрөг өгч болно. Группийн гурван компани нийлээд нэг нэр дэвшигчид 90 сая төгрөг өгч болно. Үүний хүрээнд л бид ил тод өгч байгаа. Хэрэв улс төрд нөлөөлөх зорилготой байсан бол ил өгөхгүй байх.
Хандив өгөхдөө намыг нь үл харгалзаж, аль болох хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө зөв зүйтэй юм хийх, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлэх, нийгмийнхээ төлөө сайн ажиллах хүнд өгч байсан. Хандив өгөх нь буруу гэж байгаа бол хуулиа өөрчлөөд хориглочих хэрэгтэй. Тэгвэл бидэнд бүр амар болно.
Бид хандив өгсөн гишүүдийнхээ хэнээс ч юм гуйж үзээгүй. Гуйх ч үгүй. Уулзаж, холбоотой ч байдаггүй. Тэр шиг худлаа юм байхгүй. Эрүүл улс төрчид ахиухан байгаасай гэж хандив өгч байгаа" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна