Урин дулаан цагаар барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил ихэсдэг. Барилга, угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангах ёстой. Гэвч манай улсын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг бүрэн ханган ажилладаг ААН цөөн. Үүнээс болж хүний амь нас эрдсэн олон тохиолдол гарсаар байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд “Үйлдвэр, барилга бүр өөрийн гэсэн Хөдөлмөр аюулгүй байдлын/ХАБ/-ын инженертэй байх ёстой” гэж заасан байдаг. ХАБ-ын инженер нь энэ төрлийн осол гарах, хүний амь нас эрсдэхээс хамгаалах ёстой.
Гэвч өнөөдөр ХАБ-ын инженергүй баригдаж буй барилгууд эсвэл мэргэжлийн бус ХАБ болон техникийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж зэргээс шалтгаалж барилгын ажилчид төдийгүй барилгын ойр орчимд явж буй энгийн иргэд ч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хамгийн харамсалтай нь барилгын осолд ихэвчлэн хөдөлмөрийн насны залуучууд өртдөг.
Барилгын салбар бүхэлдээ ялзарсан гэхэд болно. Учир нь ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хохироогоод үл барам захлагчдаасаа төлбөрөө 100 хувь авсан ч хугацаанд нь хүлээлгэж өгдөггүй цаасан дээр баригдсан барилгууд олон. Үе үеийн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар хууль, дүрэм журамдаа өөрчлөлт оруулж дорвитой арга хэмжээ аваагүйгээс болж ЦААСАН ДЭЭР БАРИГДСАН БАРИЛГУУД олширч, Хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн барилгын ажилчид болон энгийн иргэний амь олон олноороо хохирсоор байна.
Хамгийн сүүлд хоёрхон өдрийн өмнө буюу 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Ховд аймагт н.Мөнхсайхан захиралтай "Чандмань уушир" ХХК-ийн баригдаж байсан барилгын подем тасарч, 8 хүн сэхээнд орж, 3 хүний амь нас хохирсон юм.
Гэмтсэн 8 хүний 2 хүний биеийн байдал маш хүнд сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүний биеийн биеийн байдал хэвийн болсон бөгөөд гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн 11 хүний хувьд бүгд эрэгтэй бөгөөд тус барилгын компанид 2-10 жил ажилласан хүмүүс байж. Ингээд орой уулзъя гэж инээмсэглэн ажилдаа явсан 3 эцэг, 3 хүү, 3 хань, МУ-ын 3 иргэн дахин ирэхгүйгээр хорвоог орхиж, хөдөлмөрийн насны 2 иргэн үхэх, сэхэхээ үл мэдэн эмнэлгийн орон дээр амь тэмцэн харин 6 иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Тус 11 иргэн барилгын подем буюу ачаа өргөгчийн дээр ажиллаж байсан байна.
"Чандмань уушир" ХХК-ийн зүгээс мэдэгдэхдээ барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан гэх. Нас биед хүрсэн 11 хүн салхилах гэж ачаа зөөдөг подем дээр гараагүй нь тодорхой. Чухам хэний зааварчилгаагаар аюулгүй байдлыг хангалгүй тэнд ажиллаж байсныг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тодорхойлох биз ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна