Хотын баруун захын гэр хороолол буюу СХД-ийн 3-р хороонд байрлах “Хүүхдийн кафе” гэсэн хаягтай энэ байшин зургаан сарын өмнө балгас байсан ба одоо хүүхэд, настнуудын цугларах дуртай газар болжээ. Өмнө нь таван жил гаруй хугацаанд эзэнгүй байсан байшин, газрыг Канадын Дуфресн ба Готье сан хамтран санхүүжүүлж “Толгойт хороолол нутгийн хөгжил” ТББ худалдан авч, тохижуулж хүүхдүүдэд үйлчлэх кафе нээсэн байна. “Толгойт хороолол нутгийн хөгжил” нь эмзэг бүлгийн хүмүүс болон хүүхэд, настнуудад чиглэсэн олон нийтийн үйлчилгээг үзүүлээд 20 гаруй жил болсон аж.
Энэхүү “Хүүхдийн кафе” аравдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийжээ. Нээлтээ хийснээс нь хойш өдөрт 30-40 сурагчид найзуудаараа ирж, савхтай биелгээ бүжгийг заалгуулж, цай, жүүс худалдан авч, хөгжилдөн өнгөрөөдөг байна. Мөн ахмадын өдөртэй. Ахмадууд энд ирж хоорондоо найзалж, Японы Жайка сангийн ажилчдын шим тэжээлтэй хоолны хөтөлбөрт суралцдаг юм.
Биднийг энэ газрыг зорьж очих үед 21-р хорооллоос 65 дугаар сургуулийн буудал хүртэл ямар нэгэн хүүхдэд зориулсан, тухтай, цаг аа зөв боловсон өнгөрүүлэх газар байсангүй.
“Хүүхдийн кафе”-д ороход есөн бага ангийн охид, тус ТББ-ийн менежер хоёр эгч угтлаа. Байшинд саяхан засвар хийсэн нь илхэн. Шал хана, тааз гээд бүгд өнгөлөг харагдана. Мөн хүүхдүүдийн зурсан цэцэг, хүүхэлдэй, охидын зургаар хана аа чимэглэжээ. Есөн охид бүгд ЕБ-ийн 65 дугаар сургуулийн 4-р ангийн сурагчид байв. Долоо хоногийн нэг өдөр хүүхдийн савхан биелгээ бүжгийг энд заадаг ба үүнийг сурахаар охид энд ирсэн нь энэ аж.
Охид: “Бид энд ирэх дуртай байдаг. Ихэвчлэн хичээлээ тараад гэртээ харьж утсаар тоглож, даалгавар аа хийгээд амардаг. Энд ангийн найзуудаараа бөөндөө ирдэг болохоор гоё байдаг. Савхан биелгээ бол савхаа бариад дугаргаад, биелгээ бүжиглэхийг хэлдэг. Манай сургуулийн ойролцоо найзуудтайгаа цуг цагаа өнгөрөөх газар байдаггүй. Энэ газрыг нээж өгсөн ах, эгч нарт баярлалаа. Өөр олон төрлийн хөгжим, гадаад хэл зэрэг сургалт ороосой гэж хүсдэг. Тэгвэл найзуудтайгаа сурах боломжтой болно. Энд илүү их цагийг найзуудтайгаа өнгөрөөмөөр байдаг” гэж хэлж байв.
Толгойт хороолол нутгийн хөгжил ТББ нь хашаандаа “Хүүхдийн кафе”-аас гадна хоёр жижиг байшин нэг гэртэй. Гэрт Монгол өв уламжлалын гэх олон зүйлс бий. Энд багш нар морин хуур дарж хүүхдүүдэд үлгэр, домог ярьж өгч шагайгаар нааддаг байна. Настнуудын өдрөөр гэрт хөгжим дарж, дуу дуулж, хөдөлгөөн засалчаар дасгал заалгаж цагийг зугаатай өнгөрүүлдэг гэнэ.
Харин нэг жижиг байшинд сэтгэл зүйч байдаг ба өдөрт таван хүнд цаг олгон, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байна. Сэтгэл зүйч дээр сүүлийн үед хүүхдүүд их ирэх болсон гэдгийг эндхийн ажилчид онцолж байлаа.
Нөгөө жижиг байшинд мөөг ургуулдаг байна. Гадаа өвлийн хүлэмж байв. Үүнийг асуухад, энд ирдэг хүмүүс гэрийн нөхцөлд бордоо хийлгэхийг заалгаж, хамтдаа ногоо тарьж, хүүхдүүдэд зааж өгдөг гэж хариулав.
Толгойт хороолол нутгийн хөгжил ТББ-ийн зөвлөх Б.Адьяа: “Би одоо 71 настай. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө төрийн захиргаа хууль эрх зүй, соёл урлаг хүмүүжлийн ажил хариуцдаг ажил хийдэг байлаа. Энд олны дунд, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж болдог нь сайхан санагддаг. Одоогоос арван жилийн өмнө хүмүүс ихэвчлэн бэлэн хүнс гэх мэт зүйлсийг авахыг зорьдог байсан бол одоо төрөл бүрийн зүйлс сурч, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох дуртай болжээ. Манай байгууллагад ирэх хүмүүсийн нас заадаггүй. Настай хүмүүс, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирдэг. Одоо хүмүүс өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ ихэд анхаарч мэргэжлийн зөвлөгөөг эрэлхийлдэг болсон байна. Энэ хэрэгцээнд тулгуурлан сэтгэл зүйчийн тусдаа байшинг бий болгосон. Толгойт орчимд байрлах бүх хүмүүст манай үүд хаалга нээлттэй байдаг” гэв.
Өнгөрсөн онд 435 мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх гэмт хэрэг гарсан ба үүний 58 тохиолдол нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдээс судалгаа авахад 10 хүүхдийн 4 нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй тул энэ хэрэгт холбогдсон гэдэг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд тэтгэвэрт гараад нийгмийн харилцаанд бага орсноос болж сэтгэл санаа хямардаг тохиолдол цөөнгүй бий. Бүх насны хүмүүс нийгмийн эерэг харилцаанд тогтмол орох хэрэгцээ байдаг тул бид хотын баруун захын гэр хорооллын бүсэд орших энэ газрыг онцлон, сурвалжиллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна