Манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт сэтгүүлч Д.Майцэцэг уригдан оролцлоо. МҮОНРТ-ийн хөтлөгч, редактораар ажиллаж байсан түүнийг урлаг, гоо зүй, танин мэдэхүйн “Соёл-Эрдэнэ” хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг байснаар үзэгчид андахгүй.
Доржпаламын Майцэцэг нь урлагийн олон талт ертөнцөд ажилладаг. Тэрбээр 2008 онд МУИС-ийн Сэтгүүлзүйн ангийг дүүргэснийхээ дараа Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Өглөө хөтөлбөр”-ийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлж улмаар “Соёл-Эрдэнэ” хөтөлбөрийн редактор, хөтлөгчөөр ажиллаж цэнхэр дэлгэцээр арав орчим жил урлаг гоо зүй, танин мэдэхүйн мэдлэг, мэдээллийг үзэгчдэдээ хүргэж ирсэн билээ. Дараа нь түүний эрэл хайгуул Ирландын Дублин хотын урлагийн орон зайд хүрч, 2023 онд Дублины Технологийн Их Сургуулийн Creative Arts School-д суралцан, “Дүрслэх урлаг ба шүүмжлэлт судлал”-ын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Багаасаа зураг зурах дуртай байсан тэрээр судалгаандаа нүүдэлчин монголчуудын сэтгэлгээний онцлогийг уран зурагт суурилсан байдлаар судалсан байна. Харин уран зохиолын талбарт Д.Майцэцэг нь яруу найргийн “Бишүби” урлангийн гишүүн бөгөөд яруу найрагч юм. Тэрээр өдөр тутмын эгэл үйлдэл, байгалийн гоо үзэсгэлэнгээр, хүний сэтгэлийн гүн мэдрэмжийг харуулж, уншигчдад дотно, энэрэнгүй мэдрэмж төрүүлэх шүлгүүд бичдэг. Тэрээр 2015 онд “Навчисын хэлээр шүлэг бичнэ” яруу найргийн номоо гаргаж байв. Мөн 2010-аад оноос эхлэн “Босго Тотго”, “Үргээлэг” зэрэг цуврал болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд туслах дүрүүдэд тоглож байсан. Түүний кино урлагийн замнал үүгээр зогсолгүй энэ онд буюу 2025 онд Netflix-ийн “Wednesday” цувралын хоёрдугаар улиралд Zombie эмэгтэйн дүрийг бүтээгээд байна.
Мөн тэрбээр сэтгүүлч болон урлагийн туршлагаас гадна одоо Их Британийн Reiss хувцас загварын ордонд загварын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр уран зураг, яруу найргаар өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндээ эмчилж байсан түүх, урлагийн мөн чанарын тухай ярьсан. Ингээд түүнтэй ярилцсан “MYCAREER”ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна