Өнөөдөр олдох болов уу? гэж итгэл өвөртлөн хайсаар долоо хонолоо
Хөвсгөл аймгийн Тариалан сумд есдүгээр сарын 17-ны өдөр ээж аав нь түлээ бэлтгэхээр явсны дараа машинд үлдсэн хоёр настай хүүхэд сураггүй алга болсон билээ. Иргэд, олон нийт хүүхдийн төлөө санаагаа чилээж, өдөр бүр 160-300 орчим албаны болон сайн дурын хүмүүс, үнэрч нохойгоор эрэн хайж байгаа ч сураггүй хэвээр байна. Тухайн үед яг юу болсон талаар дурдвал, Сайн мод гэх газар алга болсон Пүрэвсайхан хүү ээж, аав, таван сартай дүүгийн хамт иржээ.
Улмаар хүүгийн ээж нөхөртөө хоол аваачиж өгөхөөр приус маркийн автомашинтайгаа таван сартай болон хоёр настай хүүхэдтэйгээ очсон байна. Удалгүй тэд түлээ бэлтгэхээр, приүс маркийн автомашиндаа таван сартай хүүхэд, 2 настай хүүгээ унтуулаад үлдээсэн байна. Ингэхдээ 5 сартай хүүхдээ урд талын суудалд түшлэгийг нь хойшлуулаад, хоёр настай хүүхдээ жолоочийн ард талын суудалд үлдээгээд буусан гэнэ. Төд удалгүй 20 минутын дараа хүүгийн аав ээж машин дээрээ ирэхэд таван сартай хүүхэд машиндаа унтаж байсан бол том хүү нь сураггүй алга болсон байна. Хоёр хүүхдийн унтаж байсан автомашин түлээ бэлтгэж байсан газраас 200 метрийн зайтай байсан юм. Хүүгийн алга болсон газар "Сайхан мод" гэх уул том, бартаа саад ихтэй, ойрхон булагтай, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай газар. Мөн ойрхон 1 км-ын зайд оршуулгын газартай аж. Хүү алга болоод долоо хоног өнгөрсөн ч сураг чимээ алга.
Миний хүү эсэн мэнд олдох байх гээд ээж нь хүлээж байгаа
Хүүг алга болоод тав дахь өдөр буюу есдүгээр сарын 21-ны өдөр “Хөвсгөлийн өнгө” сайтад ээж С.Мягмарсүрэн ийнхүү мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Манайх Тариалан суманд ирээд дөрөвдэх жилээ өвөлжих гэж байгаа. Мод бэлтгэхээр саахалт айлынхантайгаа тохиролцоод, тэр өдөр хүнтэй уулзчихаад араас чинь очъё гээд бид энд ирсэн. Энд ирэхээр явж байх замд хүү маань унтаж ирсэн, таван сартай охин маань унтаж байсан. Хүүхдүүд маань унтаж байсан болохоор машиныхаа ойролцоо газраас үүс түүж байгаад түлээ ачсан машин маань 200 гаад метр зайд байсан. Тэнд очиж шуудай байна уу гэж асуусан. Тэгэхэд “Ажиллахгүй хөрөө аваад яв, машиндаа аваачаад хийчих” гэсэн. Тэндээс буцаад машин дээрээ ирэхэд 20 минут орчим л болсон. Иртэл хүү маань байгаагүй.
Аав руу нь орилоод хүүхэд алга боллоо гээд хэлсэн, энэ хавьдаа бид хайсан. Хүүхэд алга болсон даруйд утсаар ярих санаа ч төрөөгүй, аав нь харин утсаар ярьж хэл дуулга гэсэн. Би хамгийн түрүүнд хадам эгч рүүгээ залгаж, хүүгээ алга болсныг хэлсэн. Энэ газартай ойрхон хамгийн наад захын айлаас хүн ирж, хайж эхэлсэн. Машины хаалга хаалттай байсан, хойд хаалгаар л буусан болов уу. Дүү нь байгаа тохиолдолд хэзээ ч орхиж явдаггүй байсан. Жолоочийн суудлыг сунгаад дүүг нь унтуулсан байсан, хажуу талын сандал дээр нь дүүгийнх нь хувцас зэргийг тавьсан байсан. Юу ч хөдлөөгүй байгаа, тэгэхээр арын хаалгаар л буусан болов уу. Байхгүй болсныг мэдсэн даруйд охиноо тэврээд би хэсэг уулаар хайж орилсон, чанга орилохоор охин маань цочоод байсан. Орилохоор чимээ гарч магадгүй гэж хэсэг чагнах байдлаар орилж байсан ямар ч дуу чимээ гараагүй. Хүү маань хөл чангатай, хэл яриа сайтай хүүхэд. Аав аа, ээж ээ, баая, шээе гэж хэлдэг хүүхэд.
Хүүхдийг маань алга болсон өдрөөс эхэлж олон хүн энэ хавийг самнасан. Надад бол нэг тийм битүү юман дотор хүү маань байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байгаа. Миний хүү эсэн мэнд олдох байх гээд ээж нь хүлээж байгаа” гэсэн юм.
Харин олон нийт “2 настай хүүхдийн булчин гүйцэт сайн хөгжөөгүй байгаа. Хэн нэгэн авч явсан эсвэл амьтан чирсэн байж болзошгүй. Иймд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулах хэрэгтэй” гэж цахим сүлжээнд нийтэлж буй.
Намар болоод навч унаад, газар нь шарлачихсан учир мөр харах ямар ч боломжгүй байна
Есдүгээр сарын 21-ний өдөр Эрлийн багт ажиллаж байсан Х.Баасанчулуун ингэж мэдээлэл өглөө. Тэр, “Одоо олдохоосоо өнгөрсөн гэх шантарсан байдалтай хүмүүс байна. Ой модонд том том мод унаад, тушчихсан, хад асга гээд байх юм алга. Би өөрөө 26 нас хүртлээ мал малласан. Хөдөө амьдарсан. Бодол саналаа хэлье гэж бодлоо. Урд тал руу нэг км газарт оршуулгын газар байгаа. Хэрэв тийшээ хүүхэд явсан бол том тас шувуу аваад ниссэн байх боломжтой. Тас шувуу хавцал газар, модтой шигүү ойд аваачдаггүй. Аль болох жалгатай хайдас худагтай тийм газар очдог. Тэгэхдээ маш хол газар нисэж авч явдаг.
Харин хүүхэд хойд тал руу гаа тайга руу уруудаж явсан бол чоно, нохой барьсан байж болзошгүй. Энэ машин байсан газар төвгөр буюу довын орой байдаг даа тийм газар байсан. Тэгэхээр хүүхэд хаашаа ч явах боломжтой. Хүмүүс 2 настай хүүхэд машиныхаа хаалгыг хааж чадах уу? Гээд байгаа. Манай хоёр настай хүүхэд ч буугаад машины хаалгыг хааж чаддаг. Ямар ч асуудалгүй. Би энэ хүүхдийг янз бүрийн шувуу юм уу, хээрийн амьтан аваад явчихсан юм болов уу гэж таамаглаж байна. Тэрнээс биш 5,10 км зайг тэр олон хүмүүс зогсоо зайгүй самнаж байхад энэ хүүхэд олдох боломжтой байсан. Намар болоод навч унаад, газар нь шарлачихсан учир мөр харах ямар ч боломжгүй байна. Гутал хувцас гэх ямар ч ул мөр олдоогүй байна” гэв.
Одоогоос 20 жилийн өмнө яг ийм харамсалтай үйл явдал болж байж
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумд 2005 оны есдүгээр сарын 6-ны өдөр ой зургаан сартай хүүхэд ор мөргүй алга болсон юм. Малчин Ц.Эрдэнэчулууны анхны ач ой долоон сартай Э.Буянт хүүгээ Хойд зоо хэмээх отрын газарт намаржиж байхдаа эгчид нь түр харуулаад үлдээжээ. Ой долоон сартай дүүгээ хажуудаа суулгасан эгч Э.Дүүрэнбаяр нь хуучирч муудсан хүрзээ ишлэх санаатай, тахир хадаас тэгшилж байж. Улмаар гэрийнх нь ойролцоо бэлчиж байсан хонь нь ар мод руу орохыг харсан эгч Э.Дүүрэнбаяр барьж байсан алхаа дүүдээ өгөөд мал руу гаа гүйгээд явж. Ингэхдээ мөн л хорь гаруй минут болоод эгч нь эргээд ирэхэд дүү нь байгаагүй аж. Тухайн үед ойр хавийн саахалт айл, Бүрэнхаан баг, орон нутгийн 60 гаруй хүн эрлийн ажиллагааг зохион байгуулсан ч олдоогүй юм. Бүр барьж эгчийнх нь бариулаад үлдээсэн алх нь ч олдоогүй гэдэг. Ийм нэгэн нялх үр ээ ор сураггүй алга болгосон харамсалтай хэрэг энэ цагт ч дахин давтагдаж буй. Энэ удаад харин алга болсон хүүхэд олдож, төгсгөл нь өмнөхөөс өөр байгаасай.
Ямар ч гэсэн алга болсон 2 настай хүүг хамгийн сүүлийн мэдээллээр 300 гаруй хүн, 10 мөрч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон, нисдэг тэргээр хайж байгаа ч ямар ч ул мөр олдоогүй байсаар байна. Эрлийн ажиллагаанд оролцсон дээрх иргэний мэдээллээр ямар ч ул мөр байхгүй байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна