Нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

Admin
2025/09/12

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Геологийн төв лабораторийн уулзварт төмөр зам доогуурх Улаанбаатар хотод хоёр дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийж, хуваарийн дагуу ажил явж байна. Энэхүү нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан. Ганцхан аж ахуйн нэгж буюу “Хэт Моторс” ХХК-тай зөвшилцөлд хүрч чадахгүй гурван жилийн нүүрийг үзэж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гээд шийдлүүд санал болгосон. Тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.122
2 цагийн өмнө
0
0
япон биз дээ
Хариулах