Хэрээ. Түүний гүн хар нүд өөр ертөнцийн хөшиг мэт далд, зөнч, совинлог. Тийм гүн хар хийгээд далдын тэр нүд биднийг дээрээс, дэргэдээс цоргин ширтсээр л байх аж. Ямар нэгэн үйлийн сэрэмжийг хүн төрөлхтөнд дамжуулсаар цаг хугацаатай хамт насалсан байх юм. Гэлээ ч хүн төрөлхтөн хэрээг ёр зүгийн шувуу, хар домын бэлгэдэл, атаа тэнгэр турхирагч мэтээр ойлгон олон мянганыг элээжээ. Харин хэрээ өөр...
Ертөнц сэлгэснийг үдэхийн тул буянд зориод алсын зам эвхэн нулимс зэтгүүлэн явахад орчлон хов хоосныг мэдэрнэ. Дэргэдэх хүн маань утсаар улаачтай ярих ба зам тосоод гүвээ гүвээний цаанаас хэрээ хүлээж байхыг чи анхааран харна. Улаач:
-Замын дагуу хэрээ босвол тэр өвөө нь шүү л гэнэ. Тэр өвөө бол онгод билээ. Гээд гүвээ давахтай зэрэг замын дэргэдээс хэрээ босно. Дахин утас цохиод л:
-Та хэд ингээд байна, тэг, тэгээд байна, ингэ гэж зааварлах нь дэргэдийн ертөцийн зэрэгцэл. Энэ бол саяхны явдал бөгөөд өгүүлэгч би үлдэгсдийн ертөнцөөс буян үйлдэхээр яваа нулимст хүн билээ. Өөрөө баримт болно. Харин хэрээ өөр...
Оруулга: Хэрээнийхэн хэмээх овгоос 12 зүйл шувуу нь Монгол оронд нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай билээ. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувуу байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Саарал хэрээ Монголд бараг байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ нь 1.8 кг жинтэй байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байна.
МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Төмөрпүрэв "Тавин жил хэрээтэй нөхөрлөсөн хүн" номоо гаргаснаар хэрээний тухай хачин жигтэй яриа дахин салхи эргэх шиг энд тэнд дуулдаж эхлэв. Номоо ч над дурсган бид хоёр энэ тухай хэсэг ярилцав. “Амьтдын тухай өгүүллэгүүд” орчуулгын ном болон хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Хар шувууны цагаан түүх”, “Чулуун домог” тэргүүтнээс хойшхи амьтны тухай хүчтэй яригдаж эхэлсэн дээрх номын эзэн манай аймгийн Хөвсгөл сумнаа аж төрдөг гэвэй.
...Одоогоос 10 жилийн өмнө Хөвсгөл сумын ИТХ-ын дарга Г.Заяасайхан, Засаг дарга Н.Энхбаяр нарын урилгаар сумын ажил байдлыг сурвалжлахын зэрэгцээ тус номын эзэн хүмүүнтэй заавал уулзуулна гэсэн амлалтанд хөтлөгдөн музейн ажлаа түр орхин урагш тэмүүлэв. Очсон өдрөө сумын зургаан байгууллагаар орж ажил байдалтай нь танилцаад дараа өдөр буюу 2011.01.13-наа Г.Бөмбөөл гуайн хүүгийн өвөлжөөнд ажлын хэсэг буулаа.
Хүү нь шинээр худаг ус гаргасан, ажил хөдөлмөрөөрөө сумандаа тэргүүлдэг малчин хүн юм байна. Харин би тус шагнал, урамшил, дурсгаалын ажлаас түр холдон Г.Бөмбөөл гуайтай хуучлан суувай. Харин би энэ дурсгаалт өдрийг санахыг хичээе.
Идэр гурван ес ч гэлээ тохьтой айлын өвөлжөөний утаа дээш “олгойдсон” нартай дулаахан өдөр юм сан. Г.Бөмбөөл гуай байшингийнхаа урд талын хоёр цонхон дунд байрлуулсан орон дээр хоёр гараа өвдөг дээрээ тавиад чимээгүй сууна. Ямар учиртай хүн болохыг хүүхдүүд нь хэлсний тул бага сагахан ярьж эхэлнэ.
-Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Элстэй” багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Аргал түүж яваад гэмтсэн хэрээ олсон нь энэ тавин жил хүртэлх ярианы эхэн үйл явдал. Социалист нийгмийн тохуурхалд басхүү гадуурхагдан хэрээнээсээ болж илүү үзэгдэж ч явжээ. Арга барагдаад хар хувцас хийж өмсөн хэрээгээ ч дуурайж байсан тухай хуучлав. Хэрээг эдгээж энэрч Монгол зан гаргасны төлөө Монгол хүмүүстээ адлагдахын хэцүүг залуудаа үзсээн хүү минь гэх...
Хэрээ нь бүл нэмэн олуул болсон тухай. Саахалт айлуудын жижиг сажиг зүйлийн “байрыг нь сольчихдог” тухай ч ярина. Хүүхдүүд нь ярианы чигийг энд тэндээс дэмнэн бид ярилцаж л байлаа.
-Хэрээ олон хүн ирэхээр гэрт ойртохгүй л байх. Юутай ч гарч үз гэлээ. Бид гарсан ч хэрээ үзэгдсэнгүй. Харин хаа нэгтэйгээс харж байсныг хэн мэднэ.
Цаг өөр болж энэ тухай одоо л улс амьтан сонирхох болжээ. Хуучин цагт энэ тухай сонирхох байтугай сумандаа ч багтах зайгүй болчихсон шахам адлагдсанаа ярина. Г.Бөмбөөл гуай энэ тухай ярихдаа томоотой л суугаад байх ажээ. Хэрээгээ дуурайж хар хувцас хийж өмсөж байсан тухайгаа ярихдаа л мушилзан сэргэж нүд нь гэрэлтэв.
“... Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно. Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсам тавих юмуу таагүй зүйл болдог байлаа. Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан. Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана. Яагаад ч юм явахыг нь мэднэ. Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж:
-Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ. Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна. Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа. Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод “шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг.” хэмээн басхүү дурсана.
/Хүмүүс Бөмбөөлэй гэх ба над овог нэрээ Г.Бөмбөөл гэж өгүүлсний тул би цаашид овогтой нэрийг баримтлах юм./
Оруулга: Хэрээ нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг гэнэ. Гэхдээ нэгнээ үхвэл араас нь үхдэггүй бөгөөд харин үр удам ирээдүйгээ бодон хажуугийн хостойгоо эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг ба дахин өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч шувуу ажээ. Хэрээ нь өндөр мэдрэмжтэй, зөнч бөгөөд түүнийг дэлхийн аль ч улсын бөө нар ихэд хүндэтгэдэг ажээ. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн зарим бөө тайлбарладаг. Хэрээний ухааныг шинжлжэх ухааны ололтоор баталснаас гадна түүнийг аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай хэмээн үздэг байна. Хүмүүс бид хатуу, зөөлний тэмдгээ хасаад 33 авиатай байхад хэрээ 46 орчим авиа гаргадаг. Ангаахай байхдаа хэрээнүүд ижил дуугардаг боловч томрох тусмаа дуу хоолойнд нь авианууд нэмэгдэж байдаг байна.
...Хөөрхий хөгшин хэдэн жилийн өмнө тэнгэр болжээ. Хэрээтэй 50 жил нөхөрлөсөн хүний тухай яриа улам л хүчтэй эрлийн зүг тэмтэрнэ. Саяхан МУИС-ийн МХСС-ийн номын санд дахь “Acta Mongolica” эрдэм шинжилгээний бичгүүдийг уншиж байтал Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын бичсэн “Хэрээ шаазгай донгодсоныг үзэх бичиг оршив” хэмээх судрын тухай өгүүлэл байна. Түүнд Г.Бөмбөөл гуайн тухай ийн дурджээ.
“...Нэгэн сонин зүйлийг их хурлын гишүүн асан Б.Шаравдорж хуучилсан юм. Манай Дорноговийн Хөвсгөл суманд Бөмбөөлэй гэдэг хөгшин саявтархан болтол байсан. Их урт насалсан. Тэр нэг удаа хөдөө хөл нь хугарсан хэрээтэй тааралдаад гэртээ авчирч, араганд хийж эмчилжээ. Хүн хэрээ хоёр салалгүй хамт байж, бас ч болоогүй хэрээний ойр зуурын авиа хэлийг мэдэрдэг болсон юм байх. Хэрээг эдгээгээд суллаж тавихад гэрээс холдохгүйгээр үл барам хөдөө гээсэн чөдөр ногт зэргийг олоод ирдэг болсон гэнэ. Бөмбөөлэй гуай айхтар өвчин тусаж сумын эмнэлэгт хэвтжээ. Эмчилгээгүй гэжээ. Эмнэлгийн цонхон дээр нөгөө хэрээ ирчихсэн, хүмүүсийн гайхшийг баржээ. Аймгийн эмнэлэгт хэвтэхэд бас л эмчилгээгүй гэж. Харин нөгөө хэрээ түүнээс салахгүй цонхон дээр нь ирчихсэн гуаглаж байж. Аргаа бараад “Сайд нарын” гэгдэх Хоёрдугаар эмнэлэгт биеэ үзүүлж эмчлүүлжээ. Нэг хэсэг говийнхныг Хоёрдугаар эмнэлэгт үздэг байснаа сүүлдээ энэ нь байхгүй болсон. Гэтэл нэг өглөө цонхон дээр нь мань хэрээ дуугарахаар нь гайхаад хартал нөгөө агуу анд хоёулаа болчихсон тагтан дээр нь сууж байжээ. Ингэж хэрээ түүнийг хаа явсан газар нь дагаж, улмаар Бөмбөөлэй гуайн бие нь илааршсан юм. Юм хачин шүү. Энэ үнэн явдал” гэж хөөрсөн юм.
Ийнхүү бичсэнийг уншаад мөнхүү тэртээх өдрүүдийг санагалзан эл тухай бичин суугаа юм. Харин До.Цэнджав абугайн өгүүлэлд буй судрыг бусад хэн нэгэнд хэрэг болох болов уу? хэмээн бүрнээр нь оруулан нийтлэхийг хүссэн юм.
“ХЭРЭЭ ШААЗГАЙ ДОНГОДСОНЫГ ҮЗЭХ БИЧИГ ОРШИВ”
хэмээх судрын хөрвүүлэг
Төвөдийн хааны хэрээ тайлахыг үзэх бичиг буй. “Хан хан” донгодвоос сайн үг сонстох, “тан тан” донгодвоос аливаа үйл бүтэх, “хон хон” донгодвоос идээ ундаа авчрах буй. “Хай хай” донгодвоос аливаа хүн айх, хурдан хэл ирэх, “тон тон” донгодвоос их ноёдын чуулган чуулах. Дөрвөн зүг... (ихэд балархай учраас гаргагдсангүй. До.Ц) ирж донгодвоос жуулчин худалдаа ирэх. Өмнөөс донгодвоос идээн ацрах (авчрах До.Ц)
Өрнөөс донгодвоос хүргэн охин ирэх. Умраас донгодвоос их сайн буй. Бас аливаа өдөрт дорноос барс, туулай цагт донгодвоос хүн юм ацрах. Луу, могой цагт олз түвэх (түгэх болов уу? До.Ц) баяр буй. Морин цагт донгодвоос зочин ирэх. Хонин цагт донгодвоос их муу. Бич, тахиа цагт донгодвоос өчүүхэн хэл ам буй. Зүүн өмнө барс, туулай цагт донгодвоос нус нулимс болох. Луу, могой цагт донгодвоос сайн үг сонсох. Морь, хонь цагт донгодвоос гаднаас муу үг сонстох.
Өмнөөс барс, туулай цагт донгодвоос их сайн. Луу, могой цагт донгодвоос хан хүний шүтээн хүртэх. Морь, хонь, бич, тахиа цагт донгодвоос бороо (буруу ч гэсэн үг байж магад До.Ц) болох. Тахиа цагт донгодвоос ураг элгэн ирэх. Өрнөөс барс, туулай цагт донгодвоос сайн үйл олон болох. Луу, могой цагт донгодвоос хэл ам буй. Морин цагт донгодвоос холоос зочин ирэх.
Баруун хойноос барс, туулай цагт донгодвоос архи уух. Луу, могой цагт донгодвоос хааны засаг зарлигт торох. Морь цагт донгодвоос дарс, идээн буй. Хонь, бич цагт донгодвоос ураг ирэх. Тахиа цагт донгодвоос эрэл олох. Умраас барс, туулай цагт донгодвоос хэл ам буй. Луу, бич цагт донгодвоос завхарсныг олох. Тахиа цагт донгодвоос өвчин чир болох. Зүүн хойноос барс, туулай цагт донгодвоос өвчин болох.
Луу, могой цагт донгодвоос ураг ирэх. Морин цагт донгодвоос хүн юм ацрах. Хонь, бич цагт донгодвоос их сайн. Тахиа цагт донгодвоос өвчин чир болох буй за.
Шаазгай хулгана цагт донгодвоос амраг хүн золгох, сайн хүн ирэх. Үхэр цагт донгодвоос ер сэтгэсэн бүтэх. Барс цагт донгодвоос зовлон хэл ам буй. Туулай цагт донгодвоос архи ацрах. Эд идээт болох. Луу цагт донгодвоос холоос сайн зочин ирэх. Могой цагт донгодвоос хүн морь олох, сайн үг сонстох. Морин цагт донгодвоос өвчин болох. Тасарсан бурханаас гай буй. Гал тахиваас сайн буй. Хонин цагт донгодвоос адгуусанд хулгай, дайсан, үхэл болох. Бич цагт донгодвоос сайн үг сонссоноор өлзий хутаг болох. Тахиа цагт донгодвоос сайн үг сонсох, дээд лам ирэх. Өлзий хутаг оршуул. Нохой цагт донгодвоос эд мал идээн ирэх. Гахай цагт донгодвоос хэл ам, гай зэтгэр учрах.
Хааны засаг зарлигаас айх буй. Сэрэн хичээхтүн. Мангаалам.
...Улай түйрэн ертөнцийн явган цаг хугацаанд нүцгэн төрөөд, ганлин үлээх дуу шиг чийрт салхинд гундаад, лааны сүүмгэр гэрэл хөдлөхөд сүүдрээ эвлүүлж хучих гээд чичигнэн хэвтэхэд зүүн зүгийн дөчин дөрвөн тэнгэр үймж дээд нарны наагуур үй дүүрэн хэрээ гуагчин эргэлдэнэ. Хашгирах гээд болохгүй. Тэнгэр бүхэлдээ цээж дарсан мэт болоход хамаг чадлаараа хашгирах гээд ер болохгүйг мэдрэх... Хүн ингэж хар дарах ажээ. Гэвч өглөө болоход зүүд мартагдан одно.
Үүн шиг хэрээг өнгө зүсээр нь биш цаад хэлмэрч, зөнчийнх нь үүднээс хүндлэлтэй хандах нь хүн ёсны л ойлголт байх аа. Хамгийн үнэнч, хамгийн ухаалаг энэхүү шувууг Хангарьдтай зүйрлэхгүй ч гэлээ хамгийн зөнч, хаан зүгийн Хар гарьд минь хэмээн өргөмжлөхөд буруудах нь үгүй байх аа...
Цагаан хэрээ бий л гэлцэнэ. Цаг ирэхээр үзнэ ээ...
Э.ЭРДЭНЭДАЛАЙ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна