Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 2022 оны 1-12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн тушаасан мөнгийг завшсан хэрэгт холбогдсон аж.
ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд дээрх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс 44.2 сая төгрөг хураан авсан байна. Үүнийхээ 11.4 саяыг тус төвийн Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, 32.7 саяыг нь эмнэлгийнхээ касс, дансанд тушаагаагүй аж. Улмаар 10.2 сая төгрөгөөр нь тасгийн өрөөнүүдийг тохижуулж, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан бол үлдсэн 22.4 саяыг хувийнхаа хэрэгцээнд ашигласан хэмээн АТГ-т ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм байна.
Хууль сахиулах байгууллагынхан Ц.Болормааг шалгаад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө эдийн давуу байдал бий болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцээд албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Мөн түүнээс 12.6 сая төгрөгийг гаргуулж, ЭХЭМҮТ-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна