АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн хяналт, шалгалтаараа илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлжээ. Тэдгээрийн дотор ажлын байр түрээслэх гэрээг зах зээлээс өндөр үнээр байгуулж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон гэх үйлдэл багтсан юм.
Бидэнд олдсон мэдээллээр энэ нь Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнд холбогдох үйлдэл аж. Тэрбээр Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү Б.Лхагвадоржтой ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндрөөр хийж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, эсэх асуудлыг шалгуулахаар болоод буй гэнэ.
“Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22.10-т “Үндэсний хорооны гишүүн үйл ажиллагаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөнө” гэж заасан байдаг. Гэтэл тухайн үед Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн 2016 оны наймдугаар сарын 30-нд 43 дугаартай Гэрээ шууд байгуулах тухай тушаал гаргаж, өөрийн дүү Б.Лхагвадоржийн эзэмшлийн “Сүмт-Өргөө” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Санроуд” барилгад 716 ам метр талбай түрээслэн Хадгаламжийн даатгалын корпорацыг байрлуулсан. Нэг ам метрийг нь тухайн үед 30 000, сар тутамд 21.4 сая төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан. 2016-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөг байрны түрээсний төлбөрт Хадгаламжийн даатгалын корпорацаас “Сүмт-Өрөө” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байгаа юм” хэмээн хэвлэлийн хуудаснаа бичиж байв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ асуудлыг өдгөө нарийвчлан шалгаад эцэслэн шийдвэрлэхээр болж буй аж. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымханыг ч эрүүгийн хэрэгт дахин шалгах нь. Түүнийг нэгэн иргэний эзэмшиж буй газрын хэмжээг холбогдох хууль тогтоомж зөрчин нэмэгдүүлж, давуу байдал олгосон, эсэхийг тогтоолгохоор болсон аж.
Тэрбээр өмнө нь нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг нэг тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж, нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна