Эрдэнэзуугийн “Алтан суварга”-ыг сэргээн засварлана

Admin
2026/05/25

Эрдэнэзуу хийдийн хамгийн алдартай “Алтан суварга”-ыг сэргээн засварлах төслийн нээлт боллоо.

Монголын хамгийн анхны аравнай сүншигтэй мөргөлийн суварга хэмээгддэг “Алтан суварга”-ыг тус хийдийн номч цорж Дагвадаржаа IY Богд гэгээн Жавзундамба хутагтад зориулан 1799 онд бүтээлгэсэн бөгөөд дотор нь 70 гаруй бодь суварга, 2500 гаруй цац, 100 мянган бурхад зэрэг шашны зан үйлд хамаарах зүйлүүдийг цуглуулан хийжээ. Суварга нь 13 метр өндөр.

Уг суваргыг сүсэгтэн олон 1799-1937 он хүртэл хайрлан хамгаалж ирсэн ч 1937-1949 онд орхигдон хаягдсан байсныг Эрдэнэзуу хийдийн цогцолборыг шашны түүхийн музей болгох санаачилгын хүрээнд сэргээн засварласан байна.

Үүнээс хойш ямар нэг засвар хийгээгүй байсан бол АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Соёлын өвийг хадгалах, хамгаалах сан, Дэлхийн хөшөө дурсгалын сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2028 оны 5 сар хүртэлх хоёр жилийн хугацаанд сэргээн засварлахаар болжээ.

Төслийн нээлтийн үеэр АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган хэлсэн үгэндээ: “Энэхүү дуганыг хамгаалах нь АНУ болон Монгол Улсын хооронд тогтсон бат бөх түншлэлийн гэрч мөн. Хамтдаа бид энэхүү үнэт соёлын эрдэнийг хамгаалах нь ирээдүй үеийнхэндээ зориулан хийж буй ажил” хэмээн онцоллоо.

Төслийн хүрээнд материаллаг сэргээн засварлалт хийхээс гадна орон нутгийн мэргэжилтнүүдийн хадгалах, хамгаалах ур чадварыг сайжруулж, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх юм.

АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан нь биет түүхэн дурсгалт газрууд, музейн цуглуулга, биет бус соёлын илэрхийлэл гэсэн ангилалд багтсан олон төрлийн төслүүдийг дэмждэг бөгөөд жил бүр дэлхий дахины түүхийг хамгаалахад чиглэсэн 30 орчим төслийг сонгож, олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олгодог байна. Монгол Улсад 2003 оноос хойш тус сангаар дамжуулан 2.1 сая долларын үнэ бүхий 24 төсөл хэрэгжжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна