Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдрийн хүрээнд “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төрөлжсөн мэргэжлийн үзлэгт хамруулах ажлыг энэ сарын 02, 09, 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзлэгт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Японы эмнэлэг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран 21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна. Мөн үзлэгээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн эмчлэх юм.
Түүнчлэн хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025 оны 1-дүгээр тогтоолоор таван тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсний дагуу худалдан авах үйл ажиллагаа амжилттай хийгдэн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх ажил эхэлж байна.
Тоног төхөөрөмж нийлүүлснээр хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэхэд дэвшил гарах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай хүүхдүүд хугацаа алдах, хүндрэл үүсэх болон эдийн засгийн өндөр зардал гаргах зэрэг эрсдэлийг бууруулах боломж бүрдэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна